Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)- ий дээд хэмжээний XVI уулзалтад оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын бүгд найрамдах Иран улсын нийслэлд энэ сарын 28-нд хүрэлцэн очив. Тэрбээр наймдугаар сарын 30-31-нд уг арга хэмжээнд оролцоод есдүгээр сарын 1-2- нд Иран улсад албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Ираны дээд удирдагч Аятолла Сейед Али Хаменей, Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нартай уулзаж, Монголын эзэнт гүрний Ил хаант улсын үеийн түүх, соёлын дурсгалт газруудаар зочлох аж. Тухайлбал, өчигдөр Солтанийе хотод очиж, Өлзийт хааны бунхан болон Монголын түүхтэй холбоотой газруудтай танилцжээ. Монголын түүх, соёлын нэлээд арвин өв Иранд байдаг. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэн солилцох зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны сайд Л.Болд Ерөнхийл өгчтэй хамт яваа юм. Л.Болд ЭҮНХ-ий сайд нарын хуралдааны эхний өдөр Бутаны Вант улсын Гадаад хэргийн сайд Юген Цэрин, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чүн, Тайландын вант улсын Гадаад хэргийн сайд Др.Сурапонг, Иран улсын Гадаад хэргийн сайд Али Акбар Салэхи, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Бонг Хюн нартай хоёр талын уузлалт хийж, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын байгууллагуудын сонгууль, олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцжээ. Монгол, Иран улсууд 1971 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын тухайн үеийн Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал 1979 онд Иранд айлчилж байжээ.