ХОРИГИЙГ ДЭМЖИВ
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөмөгц Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо. Байнгын хорооны гишүүд Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоог тогтоох тухай зэрэг тогтоолын төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжив. Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх тухай асуудал өмнөх Парламентын үед үүссэн билээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд түүнд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс томилсон тус бүр нэг хүн багтана” гэж заасан бөгөөд Ерөнхийлөгч үүнийг “Манай улсын хууль цаазын уламжлал, хөгжлийн хандлага, олон улсын жишигт нийцэхгүй байна” гэж үзсэнээр уг заалтад хэсэгчлэн хориг тавиад байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнчлэн хориг тавьсан тайлбартаа “Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь шүүхэд үйлчлэх шүүхийн захиргааны байгууллагын хувьд бүрэлдэхүүнийг нь УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхээс санал болгосноор Ерөнхийлөгч томилж, баталгаажуулдаг байх нь зүйтэй” хэмээсэн. Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Л.Цог нар хоригийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байсан бол О.Баасанхүү гишүүн эсрэг байр суурь илэрхийлж байв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 13 нь “Хүлээн авах нь зүйтэй” гэсэн санал гаргалаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоог тогтоох тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслүүд байлаа. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Өмнөговь аймгийн зүүн талын Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумыг харьяалсан сум дундын хоёрдугаар шүүхийг Ханбогд сумын төвд байгуулахаар заасан. Түүнчлэн шүүгчийн орон тоог нь нэг Ерөнхий шүүгч, таван шүүгчтэй байхаар тогтоож, Ханбогд, Гурвантэс сумдад Сум дундын прокурорын газар шинээр байгуулах юм. Энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Өмнөговиос өөр бусад ийм эрэлт бүхий аймгуудад сум дундын шүүх нэмж байгуулах хэрэгтэй. Харин тухайн сумдын дэд бүтэц, шүүгчдийн амьдрах орчныг харгалзан үзэж, төсөв батлах зэргийн талаар нэгдсэн бодлого боловсруулах нь зүйтэй” гэсэн санал хэлэв.
ЗАСАГ ДАРГЫГ ОРОЛЦУУЛАХГҮЙ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд аймаг, сум, нийслэлийн Нийг мийн даатгалын болон Халамжийн газрын дарга нарыг төв байгууллагын удирдлага нь томилдог байхаар тусгаад буй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Нийгмийн даатгалын газар, Халамж үйлчилгээний газрыг даргын томилгоонд Засаг дарга оролцдогоос Нийгмийн даатгал, Халамжийн газруудад мэргэжлийн хүмүүс ажиллаж чаддаггүй, олон улсын байгууллагын шугамаар асар олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч түүнийг нь иргэд хүртэж чаддаггүй зэрэг олон сөрөг үр дагавар дагуулдаг юм байна. Өмч хөрөнгө шамшигдуулсан, олон улсын төсөл, хөтөлбөрийг танил талдаа ашиглуулсан албан тушаалтанд яагаад хариуцлага тооц доггүй тухайд Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хариуцлага тоо цох боломж зөвхөн томилсон Засаг даргад нь байдаг учраас тэр л дээ. Тиймээс энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын даргыг босоо удирдлагаар сонгодог тогтолцоонд шилжүүлэхээс өөр аргагүй” гэлээ.
ДЭД ХОРООД ДАРГАТАЙ БОЛЛОО
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хо рооны даргаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг сонгов. Эдийн засгийн байнгын хорооны ху ралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөг жүүлэх дэд хорооны даргаар Х.Болорчулууныг баталлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Р.Гончигдоржийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргаар МАНын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонголоо. УИХ дахь цөөнхийн бүлгээс Төсвийн зарлагын дэд хорооны даргыг сонгодог хуулийн заалтыг үндэслэн МАН-ын гишүүд Ж.Эрдэнэбатыг тус дэд хорооны даргаар сонгуулах хүсэлт гаргасан нь ийн биелэв.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын жагсаалтаар, үлдсэнийг тойргоос сонгохоор заасан. Харин эл сонгуульд өрсөлдөх хүн нь 45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлнэ, сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх юм. Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт болох бөгөөд санал авах цагийг 07.00-22.00 хүртэл байхаар зааж, саналын хуудсыг автомат машинаар тоолно. УИХ-ын гишүүн Н.Энхболд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт мөрдөгдөхгүй байгааг санууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ИТХын төлөөлөгчдийн тооны дээд, доод хязгаарыг хэрхэн тогтоосон талаар хариулт өгөхийг хүсэв. Төсөл санаачилсан УИХ-ын гишүүн А.Бакей “Говьсүмбэр аймаг 15 мянган хүн амтай, гурван сум, зургаан багтай гэж тооцохоор ИТХ-ын 12 төлөөлөгч сонгогдох болж байгаа. Баянхонгор аймаг 84 мянган хүн амтай, 20 сумтай, аймгийн төвдөө есөн багтай гэж тооцохоор энэ аймагт ИТХ-ын төлөөлөгч 43 сонгогдох тооцоо гарсан. Гэхдээ дээд хязгаарыг 41 гэж заасан учраас энэ тоонд захируулна” гэлээ.