Чуулганы хуралдаан эхэлсэн даруйд УИХ дахь МАН-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад яагаад оруулаагүй талаар УИХын дарга З.Энхболдоос тайлбар хүсэв. З.Энхболд “УИХ-ын даргын зөвлөл үүнийг яаралтай асуудал биш гэж үзсэн учраас ээлжит чуулган хүртэл хойшлуулна” хэмээн хариуллаа. Ийнхүү МАН-ын гишүүдийн Бүлэг байгуулах хүсэлт энэ удаа талаар болсон юм. Харин хэрэг явдал үүгээр намжсангүй. Чуулганы нэгдсэн хуралдааны үүдний танхимд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын хооронд зодоон цохион болов. “Шуугианы эзэн” У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нараас энэ талаар тодрууллаа.

.jpg)

У.ХҮрэлсүх: Миний тэвчээр алдагдаж байна
-МАН-ын бүлгийн тухайд З.Энхболдын хийсэн тайлбар яагаад Г.Баярсайхан гишүүнтэй нударга зөрүүлэх хүртэл даамжирчихав аа?
-Ардын нам УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэг их ялгараад байх цөөн суудал аваагүй. АН 31, МАН 29 суудал аваад байгаа. МАН нийт сонгогчдын 40-өөд хувийн санал авсан. Манай нам рейтингээрээ АН-аас ганцхан суудлын зөрүүтэй гэсэн үг. Ийм хүчирхэг цөөнхийн УИХ дахь бүлгийг байгуулахгүйн тулд олонхийн бүлэг Үндсэн хууль зөрчиж, эдлэх ёстой эрхийг нь хасна гэдэг зохисгүй бойкот юм шүү. Намын бүлгийг маань байгуулахгүй, Байнгын хороодод ажиллуулахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлүүлэхгүй байна. Арай гэж үг хэлэхээр олонхийн бүлгийн гишүүд дайрч, доромжлоод байхаар тэвчинэ, тэвчинэ гэхэд арай ч дээ. МАН эрх барьж байхдаа хэзээ ч ийм байдал үүсгэж байгаагүй. Үнэхээр анархи байдал Монголын Парламентад, ардчилсан нийгэмд бий боллоо. Нацист дэглэм тогтоохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид цаашдаа үүнтэй тэмцэхээс өөр арга алга. Уг нь Парламент дотор хэрүүл маргаан явж байх ёстой юм. Үүнийг гудамжинд гаргаж болохгүй гэж боддог. Харамсалтай нь гудамж руу шахаад байх шиг байна. Хэрвээ шаардлагатай гэвэл бид гудамжиндаа гарч тэмцэж, энэ ард түмнийхээ дуу хоолой болж ажиллана.
-Та эхлээд С.Эрдэнэ гишүүнтэй санал зөрөлдөж байсан шүү дээ?
-МАН-ыг би хэзээ ч доромжлуулахгүй. МАН-ыг шүүмжилж болно. Доромжилж болохгүй. Хүний тэсвэр, тэвчээр алдагддаг бол лав л эхний ээлжинд миний тэсвэр, тэвчээр алдагдаж байна. Манай намынхан ухаантай, юманд хүлээцтэй ханддаг хүмүүс. Би бол огцом ширүүн хүн гэдгийг та нар ч мэддэг байх. Сая болж өнгөрсөн үйл явдлын тухайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр С.Эрдэнэ гишүүнтэй маргаж байтал Г.Баярсайхан гишүүн хажуугаас “Чи шоронд байх ёстой хүн шүү, чамайг шоронд хийнэ” гэж давшилсан. Энэ мэтээр шоронгоор далайлгадаг болчихсон байна шүү дээ. Ерөөсөө л юм яривал шоронд хийнэ, шонд өлгөнө гэх юм. Тэгвэл МАН-ын 200 мянган гишүүнийг бүгдийг нь аваачаад шоронд хийчих. Г.Баярсайхан гишүүн дээр очоод “Чи үгээ бодож хэл” гэсэн чинь өмнөөс салаавч үзүүлсэн. Тэгэхээр нь чуулганы танхимаас гараад эр хүн шиг учраа ойлголцъё гэтэл гарч ирэнгүүтээ шууд заамдаж авч, хоолой боогоод, цамцны хэдэн товчийг маань тасадсан. Би бол эр цэргийн алба хаачихсан хурандаа цолтой, эх орондоо тангараг өргөчихсөн эр цэрэг шүү дээ. Нэг жаалд заамдуулаад зогсож байдаг ч хүн биш. Өөрийгөө хамгаалахгүй гээд яах юм. Өөрийнх нь хийсэн боолтны эсрэг хариу арга хэмжээ л авсан. Тэглээ гээд нэг их гоншигноод байх юу байх вэ.
-Та гэхдээ Г.Баярсайхан гишүүнийг цохиод унагачихсан болохоор уучлалт гуйсан биз дээ?
-Би юу гэж уучлал гуйж байдаг юм. Харин тэр нөхөр ухаантай юм бол надаас уучлал гуйх ёстой гэж бодож байна.
-Г.Баярсайхан гишүүн хууль, хяналтын байгууллагад хандана гэж байна?
-Намайг яагаа ч үгүй байхад тэр нөхөр өөрөө эхэлж гар хүрсэн. Хэн нь эхлүүлснийг харсан сэтгүүлчид байгаа шүү дээ. Г.Баярсайхан гишүүн шүүхэд хандана гэж байгаа бол би ч гэсэн хуулийн байгууллагад хандана.
-Бүлэг байгуулагдахгүй бол танай гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэх үү?
-Ардын намын бүлгийг байгуулахгүйгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж авах, бусад олон асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар шийдэхийн тулд л тоглолт хийгээд байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Бид бол Засгийн газар байгуулахаас эхлээд олон зүйлд хүндэтгэлтэй хандаж, аль болох улс орны ажил үргэлжлэх ёстой гэдэг чиг шугамыг барьж байна. Гэтэл МАН-ын төлөө саналаа өгсөн 1.2 сая иргэнийхээ дуу хоолойг ингэж боомилж, доромжилж болохгүй. Хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.
Г.Баярсайхан: Хуулийн байгууллагад хандана
-У.Хүрэлсүх гишүүн та хоёрын хооронд болсон зүйлийг хэрхэн үзэж байна вэ?
-Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. У.Хүрэлсүх гишүүн ёс зүйн алдаа гаргалаа. Таван хүнийг хөнөөх, мянга мянган хүнийг шоронд хорих бол юу ч биш юм байна. Монгол Улсын Их хурлын гишүүний эрх чөлөөнд халдлаа. Энэ бол байж болохгүй зүйл. У.Хүрэлсүхтэй надад ярих зүйл байхгүй.
-Гомдол гаргах уу?
-Монголын төр хууль цаазтай. Хууль хяналтын байгууллагад хандана аа.