УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаан удаан үргэлжилсэнг үй. 10.30 цагийн үед гишүүдийн ирц 53 хувьд хүрмэгц үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоог тогтоох тухай болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд түүнд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс томилсон тус бүр нэг хүн багтана” гэж заасан бөгөөд Ерөнхийлөгч үүнийг “Манай улсын хууль цаазын уламжлал, хөгжлийн хандлага, олон улсын жишигт нийцэхгүй байна” гэж үзэж хэсэгчлэн хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг Тамгын газрын нь дарга П.Цагаан тайлбарлахдаа “Шүүгчдийг шилж сонгох, шүүхийн бие даасан, хараат бус байдал, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй, Үндсэн хуулийн статустай ШЕЗийн бүрэлдэхүүнийг таван өөр байгууллага томилж байсан туршлага, жишиг ерөөсөө байхгүй” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс уу, Парламентын засаглалтай улс уу? УИХ дээр шийдэж чадахгүй ажил болгоноо Ерөнхийлөгчид өгдөг болоод байна. Шинжээчид анализ хийгээд харвал Ерөнхийлөгчийн засаглал руугаа хэвийгээд, Үндсэн хуулийн зарчим алдагдаад байна гэж үзэж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ШЕЗ бол шүүхийн захиргаа юм. Өнгөрсөн 20 жил захиргааны шинэчлэл хийгээгүй. Шүүхийн захиргааг өөрийнх нь эрх мэдэлд өгье. Үйлчилгээг нь авч байгаа хүмүүс өөрсдөө захиргаагаа сонгог, түүнийг нь баталгаажуулах хүн нь Ерөнхийлөгч байг. Тэр зөвхөн батламжлах эрхтэй. Өмнө нь Ерөнхий шүүгч шүүгчийнхээ ажлыг хийж байгаад юм уу, УИХ-ын гишүүн байж байгаад ШЕЗ-ийн ажлыг удирддаг байсан, одоо бол шүүхийн захиргааг мэргэшүүлж, орон тооны болгох, давхар ажил эрхэлдгийг болиулах зорилготой байгаа. Засгийн газар, УИХ-аас хүн оруулж ирнэ гэхээр мэргэжлийн хувьд хараат бус байдал алдагдана гэсэн байр суурьтай байлаа. Гишүүд саналаа хэлсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 64.9 хувийн саналаар хүлээн авав. Энэ хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байв. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Өмнөговь аймгийн зүүн талын Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумдын нутаг дэвсгэрийн хэрэг маргааныг харьяалсан сум дундын хоёрдугаар шүүхийг Ханбогд сумын төвд байгуулахтай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог нэг Ерөнхий шүүгч, таван шүүгчтэй байхаар тогтоож, Ханбогд, Гурвантэс сумдад Сум дундын прокурорын газар шинээр байгуулахаар заасан. Ж.Энхбаяр гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Өмнөговьд хүн амын төвлөрөл бий болсон хэдий ч төрийн үйлчилгээний бусад байгууллага байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм уу? Харин гадаадын ажиллах хүчний бөөгнөрөл их, хэрэг зөрчил олон гарч байгаа нөхцөлд хүчний байгууллагуудыг зайлшгүй бэхжүүлж, орон тоог нь нэмэх шаардлагатай байгаа” гэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эдгээр асуултад хариулахдаа хил дамнасан, далд үйлдэгддэг, зохион байгуулалттай гэмт хэргүүд гарч болох тул хүчний байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах талаар эрс шинэчлэл хийх цаг нь болсныг тэмдэглээд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, түүнийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт хоорондоо уялдаагүй байгааг хэлэв. Ц.Нямдорж гишүүн төслийг дэмжиж байсан ч “Шүүхээр шийдвэрлэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэргийн тоо бидэнд тараасан материалд алга. Ийм асуудал хэлэлцэж байхад Ерөнхий шүүгч нь ч алга” хэмээгээд, шинэ шүүх хэдэн сум харьяалж ажиллах, яг Ханбогд суманд жилд шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэргийн тоо хэд болохыг лавлав. Тэрбээр “Захиргааны шүүх давхар байгуулах шаардлага байна уу, үгүй юү. Жилд нэг шүүгч 50-60 хэрэг шийдвэрлэх болдог, бүр 120 хэрэг шийдвэрлэж ч байсан. Ажлын ачааллаас шалтгаалж орон тоогоо шийдүүлэхийн оронд шууд зургаан шүүгчийн асуудлыг шийднэ гэдэг чамгүй зардал гарна. Захиргааны шүүгч нар одоо огт ачаалалгүй байгаа. Эхний ээлжинд гурван шүүгчтэй шүүх байгуулаад, ачаалал их байвал дараа жил нь хүнээ нэмж болно” гэсэн санал хэллээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 64.4 хувийн саналаар шийдэж, Хууль зүйн байнгын хороонд шилж үүлэв. Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан гурав дахь асуудал нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байв. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлыг бүлгээрээ нягтлан хэлэлцэх шаардлагатай хэмээн завсарлага авснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.