ИЗНН-ын удирдах бүрэлдэх үүн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг орхих тухай хэлэлцсэн нь улс төрийг “бужигнуулах” шахаад намжсан. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзаж, товч ярилцлаа.
-Танай намыг Засгийн газраас гарах нь гэсэн мэдээ АН-ыг нэлээд түгшээсэн болов уу. Ер нь юунаас болж ийм санал гарах болсон юм бэ?
-ИЗНН анхнаасаа яамны сайд авъя гэдэг ч юм уу, албан тушаалын өнцгөөс ярьж байсангүй. Энэ удаад ч мөн адил. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намуудын хооронд яриа хэлэлцээний механизм алга байна. Ийм механизмыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж бид үзсэн юм. Хааяа нэг С.Оюуны өрөөнд орж яриад л ИЗНН-тай ойлголцчих зүйл биш л дээ. Тиймээс Засгийн газарт түншилж буй АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн гурван субьект Засгийн газрын үйл ажиллагааны зарчмыг эрх тэгш тохиролцох, тодорхой түвшинд яриа хэлэлцээний замаа тогтмолжуулах хэрэгтэй болж байгааг бид Ерөнхий сайд Н.Алтанхуягт санал болгоод байна. Хэрэв бидний тавьсан саналыг хүлээж авахгүй, яриа хэлэлцээний механизмыг бий болгохгүй гэвэл Засгийн газрын бүрэлдэхүүнд байх хэрэггүй гэсэн санал бас гарсан нь үнэн л дээ. ИЗНН-ын удирдлагын 10-аад хүний хүрээнд ийм саналтай хүн нэг бус байгаа.
-ИЗНН-ын удирдлагын хүрээнд ийм байдаг байж. Жирийн гишүүд юу гэж үзэж байгаа бол?
-Бүхий л шатанд янз бүрийн санаа бодол, яриа хөөрөө өрнөдөг байх л даа. Манай намынхан ямар ч үед санал бодлоо ил тод, чөлөөтэй илэрхийлдэг. ИЗНН-ын жирийн гишүүд маш идэвхтэй, бусад намынхныг бодвол хамаагүй “амьд” үйл ажиллагаатай байдаг юм. Дарга нар манлайлагч байх ёстой гэж тэд маань шүүмжилдгийг бид анхааран ажиллаж байгаа.
-УИХ-ын сонгуульд ИЗНН-ын дэвшүүлсэн “Амьдрал” хөтөлбөрөөс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаагүй гэсэн гомдлыг танай намын гишүүд илэрхийлэх болсон тухайд юу хэлэх вэ?
-УИХ-ын сонгуулиас хойших харьцангуй богино хугацаанд ИЗНН эрчимтэй хоёр өөрчлөлтийг амжууллаа. Монголын Засгийн газрын бүтцэд анх удаа ногоон хөгжлийн бодлогыг албан ёсны болгож өгсөн. Ногоон хөгжлийн яамтай боллоо, тогтвортой хөгжлийн бодлогыг Ерөнхий сайдын эрхлэх чиг үүрэгт багтаалаа. ИЗНН-ын хөтөлбөрийн бизнесийн шинэчлэлийн бодлогыг Засгийн газар ажил хэрэг болгохоор тусгаж байна. Манай нам оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Монголын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажиллаж амьдрах орчныг сайжруулах, байгалийн баялгийг хуваарилах тухайд бусад намын хөтөлбөрт тусаагүй сайн бодлогыг дэвшүүлсэн. Тиймээс Засгийн газар ИЗНН-ын мөрийн хөтөлбөрөөс шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаандаа авч ашиглаасай гэж хүсэж байна.
-Та МҮАН-ын Ц.Цолмонтой хамтран Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь АН-ынхны хачирхлыг төрүүлээд буй. МАН-ыг бүлэгтэй болгох гэж зүтгэж байгааг тань юу гэж ойлгох вэ?
-Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэрийг УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр хязгаарлалт хийснийг л хасах хуулийн төсөл шүү дээ. Үндсэн хуулийн зарчим зөрчигдсөнөөс УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл алдагдаж байна гэж үзээд, өөрийнхөө итгэл үнэмшлээр санаачлан боловсруулсан юм аа. УИХ-ын танхимд сөрөг хүчин ажиллах ёстой шүү дээ. АН-ын зарим гишүүн “Хуулийнхаа төслийг татаад авчихаач. МАН-ынхан өөрсдөө л санаачилна биз” гэх маягийн зүйл хэлж л байна лээ. Би нэгэнт өргөн барьсан төслөө татаж авна гэж байхгүй. ИЗНН Засгийн газарт орсон нь амаа хамхиулах ёстой гэсэн үг биш. Аливаа ажилд бодлогын алдаа, дутагдал гарвал үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх надад бий. Харин Ц.Цолмон гишүүн бид хоёрын өргөн барьсан төслийг хэлэлцэх эсэх нь олонхийн асуудал.
-Үүнээс улбаалаад Таныг МАН-тай угшил нэг гэх хар сэр сэдэрч байх шиг?
-За, би ямар уралдааны морь ч биш. Самбуу гэдэг хүний л үр юмсан. Улс төрийн угшил ярих гээд байгаа бол би чинь АН-ынх байх шүү. Анх МҮДН-ыг үүсгэн байгуулалцсан нам бус хүн. 1990 онд жагсаж, эдийн засагчдын клубийг зохион байгуулж явлаа. Ардчиллыг хэдийд ч хамгаална. МАН бяртай байхдаа АН-ыг дээрэлхээд, АН хүчээ авмагц МАН-ыг боорлодог маягаар ардчилал хөгжихгүй л дээ. Ардчилал гэдэг бол бүгчим танхимд салхи орохын нэр. Эрх баригчид ярсхийтэл кноп дардаг танхимд сөрөг хүчин хяналтаа тавьж байж, Парламент зөв шийдэлд хүрэх ёстой юм.