Лалын Бүгд Найрамдах Иран Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн албан ёсны айлчлал өчигдөр дуусав. Түүнийг энэ сарын 1-нд Ираны Ерөнхийл өгч Махмуд Ахмади Нежад ордныхоо өмнөх талбайд угтаж авлаа. Энэ үед хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Угтах ёслолын дараа хоёр улсын Ерөнхийлөгчид хэлэлцээ хийж гурван чиглэлийн асуудлаар тохиролцоонд хүрлээ.
Нэгдүгээрт, түүх судлалаар хамтарч ажиллахаар болов. Хоёрдугаарт, Ерөнхийл өгч нарын ивээл дор сан байгуулж, түүхээ судлах эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнуудад тэтгэлэг өгч сургахаар, мөн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Иранаас эрдэмтдийн баг илгээж эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулахаар тогтлоо. Гуравдугаарт, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиц дэвшилд хүргэх асуудлыг судалж үзэхээр санал нэгдэв. Хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд жил бүр зөвлөлдөх уулзалт хийх механизм бүрдүүлэх тухай санамж бичиг, визний нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг судлах санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Иран Улсын Гадаад харилцааны дэд сайд Сейед Аббас Арагчи, Хасан Ашхаби нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараа нь Иран улсын дээд удирдагч Аятолла Сейед Али Хаменейтэй уулзаж ярилцав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XVI уулзалтыг амжилттай зохион байгуулсанд дээд удирдагч Аятолла Сейед Али Хаменейд баяр хүргэлээ.
-Бид түүхийн асар их харилцаатай улсууд. Монголчууд Ил хаант улс байгуулж энд байх үед персийн соёл ихэд хөгжсөн. Уран барилгын дурсгал болох Өлзийт хааны бунхан тэр үед баригдаж, одон орон судлалын төвүүд, 600 оюутантай их сургууль байгуулагдсан. Ираны түүх ч мөн тэр үеэс л бичигдсэн байдаг. Тухайлбал Жуваны бичсэн түүх, бас Рашид ад Дины “Судрын чуулган” байна. Энэ бүхэн монголчууд төр барьж байх үед манай урлаг соёл маш өргөн дэлгэр хөгжсөнийг харуулж байгаа юм. Тиймээс түүх соёлыг маань бичиж, хөгжүүлж өгсөнд нь персийн ард түмэн монголчуудад баярладаг. Хожим Төмөр хаан бас Ираныг захирч байхдаа түүх, соёлыг маань хөгжүүлж өгсөн. Монголчууд бол перс хэлийг хамгийн ихээр түгээн дэлгэрүүлсэн хүмүүс. Хойд Энэтхэгийг эзэлж, тэнд перс хэлийг ордны хэл болгон хөгжүүлж, тэр нь англичууд тус улсыг эзлэх хүртэл мөрдөгдөж ирсэн байдаг. Ийм өргөн дэлгэр түүхийн холбоотой ард түмнүүд учраас түүхээ хамтран судлах явдлыг дэмжиж байна гэж Аятолла Сейед Али Хаманей хэлэв. Монголчууд тулгар төрийнхөө 2200 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэсэн. Өнөө жил Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэ ойд төлөөлөгчөө оролцуулахыг албан ёсоор урьж байна. Төлөөлөгчөө ирүүлбэл бид баяртай хүлээн авна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Мөн Монголын перс судлаачдад тэтгэлэг олгосонд Ерөнхийл өгч талархал илэрхийлээд, Ираны монгол судлаач гурван хүнд Монголд суралцах тэтгэлэг олгож байгаагаа мэдэгдэв. Сонирхуулахад ираны сэхээтэн хүмүүс Монголын Ил хаант улсын хаан Өлзийт тус улсад лалын аядуу урсгал шийтийг төрийн шашин болгосон гэж үздэг юм байна. Түүнээс өмнө нэлээд хатуу урсгалыг даган мөрддөг байжээ. Энэ утгаараа иранчууд сэхээтнүүд монголчуудыг Иран улсын хувьд ч, лалын шашны хувьд ч хөгжил цэцэглэл, соёлыг авчирсан хүмүүс гэж үздэг ажээ.