УИХ-ын эрхэм гишүүд уван цуван тангаргаа өргөсөөр байна. Тангараг өргөх эрх нь баталгаажсан хүний нэг нь хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар. Нэг үгээр хэлбэл тангараг өргөөгүй л байгаа болохоос 72 дахь гишүүн. Түүний талаар багагүй шуугиан цацагдав. Татварын ерөнхий газрын даргын суудалд очих гээд эрхэм гишүүний суудлаас хойш суугаа ч гэж яригдах болов. Яагаад энэ мэт асуудал гарах болсныг өөрөөс нь тодруулахаар шийдэв.
-Уулзалгүй багагүй хугацаа өнгөрчээ. Гэтэл сүүлийн хэд хоногт таны тухай хаа сайгүй яригдах болж. Хаана юу хийж явна?
-Хүний эрхийн салбарт зүтгэж байна. УИХ-д байхдаа Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж, хууль батлуулах ажлын хэсэг ахалж явлаа. Түүнээс өмнө 1990 онд Монгол Улсад хүний эрхийн асуудал цоо шинээр тавигдсан байдаг. Тэр хууль олон жил сунжирсаар арайхийж 2003 онд хуультай болсон доо. Тэглээ гээд бүх ажил шинэчлэгдэж чадахгүй л байна. Энэ асуудал улстөрч бидний болон нийт монгол хүний санааг зовоож байгаа. Өнөөдөр Монголд нийгмийн байдал таатай биш байна. Уг нь энэ удаагийн сонгууль нааштай чиг хандлагыг бидэнд авч ирсэн. Гэхдээ л олон жилийн улс төрийн тогтолцоо эмх цэгцэндээ орж амжаагүй байна. Манайд өнөөдөр улс төрийн 20-иод нам бий боллоо. Түүнээс болоод улс төрийн сонголт хийх болоход баг, сум, айл гэр хүртэл дотроо намуудад хуваагдаж талцах болов. Өнөөдөр гэхэд МАХН, МАН, Ардчилсан нам гээд л олон субъект болж нам дотроо албан тушаалын төлөө өрсөлдөх болов. Тэглээ гээд цаана нь мөнхөд УИХ-д суухыг хүсдэг, Засгийн газарт шургалж амждаг тэр хэдхэн хүмүүс амь бөхтэй суух бололцоог олж авсаар байх юм. Тэд нэгээс нөгөөд УИХ-д улиран суухдаа Үндсэн хуульд бүх ард түмний баялаг гэж заасан эрдэс баялгийг хүртэл гадныхантай хуйвалдан ашигтайгаар хүртэж сууна. Энэ удаагийн сонголтоор ч гэсэн бид тэднээс ангижирч чадсангүй. Монголчууд олигархуудаас салж чадсангүй. Харин нийслэлийн ИТХ-ын сонгууль ёстой нүдээ оллоо. Хорин жил нэг сууринд суусан хотын удирдлага өөрчлөгдлөө. Улс төр манан будантай байна. Түүн лугаа цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч явсан Н.Энхбаярын асуудал байна. Тэрбээр маш богино хугацаанд МАХН-ыг байгуулаад авч үлдсэн. Шударга ёсыг эрмэлзсэн олон түмнийг нэгтгэж чадсанаар МАХН Засгийн газарт суудал авах хэмжээний гурав дахь хүчин болсон. Гэтэл тэр бүхнийг бий болгосон хүн өөрөө хилсээр ял эдлээд сууж байдаг. Түүний хийсэн гэх хэргийг эргээд үзэхэд тэнд өмч хувьчлалын маргаан байгаагаас авлигын хэрэг гэх юм алга. Урьд нь менежментээр хувьчлагдсан "Чингис"зочид буудал, Санхүү эдийн засгийн дээд сургуультай харьцуулахад барьцтай юм гарахгүй байна. "Улаанбаатар таймс" сонины нурсан барилга, "Өргөө" зочид буудал гэж сүйд болоод байгаа нь бусад тохиолдолд байдаг л өмч хувьчлалын маргаан шүү дээ. Эрдэнэтийн өр авлага 100 тэрбумаар үнэлэгдэж байна гэчихээд гурван тэрбумыг нь сугалж аваад байдаг нь ямар учиртай асуудал вэ? Өр авлага, гэмт хэргийг ялгаж салгаж чадахгүй, аливаа асуудалд хэтэрхий улс төржиж байгаа юм биш үү. Би улс төрийн хэлмэгдэл, хүний эрхийн асуудлаар 100-гаад хүний дунд судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан зарим хүмүүс миний нэрийг битгий гаргаарай гэж байгаад хэлэх үгээ хэлж, саналаа өгч байсан. Судалгаанд оролцсон хүмүүсийн 80 хувь нь Н.Энхбаяр улс төрийн хэлмэгдэгч гэж үзэж байгаа ч нэрээ гаргахаас айж байгааг юу гэж үзэх вэ. Би Н.Энхбаярын өмгөөлөгч биш. Харин ч түүнийг эрх мэдэлтэй явахад нь МАХН-д жигүүр байгуулж, шүүмжилж явлаа. Тухайн үед түүнийг шал өөр хүмүүс хүрээлж суусан. Тэд өнөөдөр хаачив гэж хааяа бодоход хүрдэг. Би ямар ч үед байгаагаараа байж шударга, хүнлэг байхыг хичээж байна. Хүний эрх гэдэг улс төрөөс ангид агуу нандин зүйл юм.
-Таныг УИХ-д сонгогдчихоод яагаад тангаргаа өргөхгүй байна гэдэг дээр хүмүүс их гайхаж байна. Тиймээс янз бүрийн яриа гараад байгаа юм биш үү?
-"Шударга ёс" эвслээс сонгуульд нэр дэвшсэн. Жагсаалтаар сонгогдсон ч хууль шүүхээр Н.Энхбаярын асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг харгалзан тангараг өргөхөө түр хойш тавьж хүлээсэн. Түүнээс биш Оюунбаатар УИХ-д орохгүй, мөнгөтэй агентлаг бараадаж ажилд орно гэсэн асуудал байхгүй. Тэр бол гүтгэлэг. Би цагтаа Татварын газрын даргын албыг 2008-2011 онд 2.5 жил хашсан. Ямар ч гэсэн энэ газрыг авлигаг үй болгож сар бүр орлогоо бүрдүүлж, төсвийн санхүүжилтийг тасалдаг явдгийг арилгасан. Тэгээд ч одоо эргээд гүйцэтгэх засаглалд ажиллах хүсэл алга. Би 2003 оны хоёрдугаар сард УИХын Эдийн засгийн байнгын хороонд "Газар, түүний дорх баялаг ард түмний мэдэлд байж, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтын дагуу монголчуудад хувьцаа гаргаж өгөх асуудлыг тавьж байлаа. Тэр асуудал сонгодог хэлбэрээр биш гэхэд үр дүнгээ өгч байгаа. Одоо бид түүнийг төгс төгөлдөр болгох хэрэгтэй. Ганц Тавантолгой, Оюутолгойн асуудал ч биш газрын дорх бүх баялаг монгол хүнд хөгшин залуу гэлтгүй эрх тэгш олдох учиртай.Монгол хүнийг намаар талцуулахыг зогсоох, баялгийг шударга хуваарилахын тулд гол гол хуулийг батлан гаргахын төлөө ажиллана. Тэр дундаа Төрийн байгууллагын анхан шатанд сумын Засаг дарга нарыг нам харгалзалгүй сонгодог болъё гэсэн асуудлыг тавих цаг болсон. Ц.Элбэгдоржийн намыг гишүүнчлэлгүй болгох саналыг зүйтэй гэж боддог. Бид энэ чиглэлийн дагуу хуулийн төсөл бэлдсэн. Татварын газрын дарга байхдаа Япон, БНСУ, Тайванийн туршлагаар татвар төлөгчдөд өөрийн урамшууллын систем бий болгохыг санаачилсан. Татвараасаа дэлгүүрт худалдаа арилжаа хийсэн зардлаа иргэн бүр тооцож, төлсөн татварынхаа хэмжээгээр буцаан олголтын урамшуулал хүртдэг болгох ёстой. Тэгж чадвал аж ахуйн нэгж компани, хувь иргэн ч татвараа нуудаггүй болно. Хүн бүр өөртөө эдийн засагч байж, төсөв, татварын талаарх ойлголт, хандлага өөрчлөгдөнө. Татварын мөнгөө хэрхэн зарах нь иргэдийн өөрсдийн шийдэх асуудал. Сонгогчид Сүхбаатар дүүрэгт зам тавих уу, бассейн барих уу гэдэг асуудлаа өөрсдөө хэлэлцэн шийдвэрлэж УИХын гишүүдэд саналаа хүргэж, төсвийг зарцуулахад идэвхтэй оролцдог болох юм.
-Ер нь хүмүүс УИХын гишүүн гэхээр бөөн мөнгөний хүүдий гэж боддог болжээ.
-Уг нь УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал биш юм шүү дээ. Цалингаас өөр зүйл авдаггүй л байсан. УИХ-ын гишүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах нэрээр улсаас 2002 онд хүн бүрт 10 сая төгрөг гаргаж өгөхөд аваагүй хоёр гурван хүний нэг болж явлаа. Хууль тогтоох байгууллагын гишүүд цалингаас өөр ямар нэгэн хангамж эдэлж таарахгүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн гэсэн ажлыг Засгийн газрын гишүүнтэй хавсарч гүйцэтгэх аянд гардаг болж. Үндсэн хуулинд оруулсан долоон нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Уг нь манай хуульд төсвийн хөрөнгийг хэрхэн хуваарилахыг УИХ, хэрхэн зарцуулахыг Засгийн газар мэднэ гээд тодорхой заачихсан байгаа. Цаашлаад УИХ-ыг Дээд, Доод хоёр танхимтай болгох цаг ирлээ. Тэгж гэмээнэ авилга гэсэн асуудал уулын оройгоос хайлах цас шиг унаж алга болно. УИХ-ын Дээд танхим нь жилд хоёр удаа хуралдаж, байнгын ажиллагаатай Доод танхим нь хамгийн нарийн, эмзэг хууль боловсруулах ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгж гэмээнэ УИХ-ын гишүүн хэзээ ч мөнгө мэдэж зарахгүй болно. Уг нь гишүүн, сайд нар орон нутагт юм тараагаад явдаг нь зохисгүй Засгийн газрын хийх ёстой ажил юм шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн УИХ-ын баталж буй хуульд зарчмын хувьд шинэчлэх зүйл их байна. Би хувьдаа тэр ажлын төлөө оюун, сэтгэлээ зориулахад бэлэн байгаа гэв.