УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр 2012 оны төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг голчлон хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр зэхсэн төсвийн тодотголоо Сангийн сайд Ч.Улаан АН-ын бүлгийн хуралд танилцуулжээ. Хүүхдэд аравдугаар сараас эхлэн 20 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан төсвийн орлогыг нэмэх шаардлага тулгараад буй юм. АН-ын бүлгийн гишүүд архи, тамхины татварыг нэмэгдүүлэх замаар орлого хуримтлуулах чиглэлийг Сангийн яаманд үүрэг болгосон байна. АН-ын эмэгтэй гишүүд зочныхоо чихнээс “хонх” уясан нь мөн л хүүхдүүдтэй холбоотой. Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийг үнэгүй тараасан нь хариуцлагагүй явдал хэмээн тэд үзэж байна. Өнгөрсөн жил 3.1 тэрбум төгрөгийн сурах бичиг тараасан бөгөөд энэ нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарлыг бууруулах, сурлагад нь муугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай учраас 2013 оны төсвөөс энэ мэт үргүй зардлыг танахыг хүсчээ. Харин цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал буюу 1100 төгрөгийг улсаас даах боломжийг эмэгтэй гишүүд Сангийн сайдаас сурагласан байна. Инфляц өссөн энэ үед цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний чанар муудах аюултай учраас төсвийн тодотголоор энэ асуудлыг шийдвэрлэхийг Ч.Улаанд анхааруулжээ. АН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжсэн байр сууриа хэвээр хадгалж буйг Бүлгийн дарга Д.Эрдэнэбат уламжлав. “Орон нутгийн сонгуулийг Үндсэн хуульд заасан зарчмаар хийнэ. Манай намын хэсэг гишүүн Засаг даргыг орон нутгийн иргэд шууд сонгох зэрэг заалт бүхий Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг дэмжихийг бусад намуудаас хүсэж байна. Энэ хуулийн төслийг дэмжвэл орон нутгийн сонгууль Үндсэн хуулийн дагуу болно” гэж Д.Эрдэнэбат мэдээллээ. Бусад намын зүгээс ИТХ-ын тодорхой хувийг намын жагсаалтаар сонгох нь орон нутгийн сонгуулийг улстөржүүлж буй хэрэг хэмээн шүүмжлээд байгаа билээ.