УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Австралийн Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Австралийн талтай санал солилцох боломж гарсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж буйг онцолсон. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн зарчмаар худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэлсэн юм. “Монгол Улс, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож, энэхүү үйл явдлын босгон дээр Австралийн тал Ерөнхий консулын газраа Улаанбаатар хотод нээлээ. Ойрын ирээдүйд Монгол Улсад ЭСЯ-аа нээн ажиллуулна гэж итгэж байна” гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.