Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний тонн тутамд 109 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар болсон. “Татвар авах болсноор аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр буурч, таван хувийн ашигтай ажиллана. Хамгийн гол нь дотоодын жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй, цаашид хилийн үнэ нэмэгдэх тохиолдолд дотооддоо үнэ нэмэлгүй зохицуулах боломжтой” гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга тайлбарласан. Тэгвэл дизель түлшинд татвар ногдуулах болсон нь суурь үнэ хөдөлж, цаашид бараа бүтээгдэхүүний үнээ өсгөх хэмээн иргэд үзэж байна. Дизель түлшний жижиглэнгийн үнэ өсөх эсэх талаар “Петровис Холдинг” компанийн Олон нийттэй харилцах албаны ахлах менежер П.Цэрэннямаас тодруулах гэсэн боловч “Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” хэмээв. Харин “Сод Монгол групп”-ийн эдийн засагч Б.Алтанхүү “Энэ шийдвэрийн дагуу жижиглэнгийн үнээ нэмэхгүй тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэхдээ бөөний үнэ нэмэгдэж таарна, хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг одоогоор хэлэх боломжгүй. Ер нь зах зээлээс хамаарч бөөний үнэ хэлбэлзэдэг. Мөн ОХУ шатахууныхаа экспортын татвараа өсгөх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс одоогоор дизелийн үнэ нэмэгдэхгүй” гэлээ.