
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын түүхэнд тодоор бичигдэх шийдвэр гаргасан нь олимпийн хөтөлбөрт багтдаг төрлүүдээр олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн бүх үеийн тамирчдад сар тутамд мөнгөн тэтгэлэг олгож байх тухай зарлиг юм. Зарлиг 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчлэх тул манай алдарт тамирчид тэр өдрөөс эхлэн төрийнхөө хишгийг хүртэнэ. Гэхдээ үүнээс урьтаж хийх ёстой том ажил бол ямар амжилт гаргасан тамирчдад тэтгэлэгийг хэрхэн олгох тухай нарийвчилсан мэдээлэл болоод ойлголтыг ард түмэнд түгээх явдал юм. Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах аяны агуулга чухам үүнд оршиж байгаа юм. Тэгвэл тус зарлигийг тухайн аймаг, хот, дүүргүүдийн удирдлагад гардуулах болон ард түмэнд таниулж, түгээх аян Өвөрхангай аймгаас эхэллээ. Тус аян өврийн хангайгаас эхэлсэн нь учиртай. Эх орныхоо алдар сууг дэлхий даяар цуурайтуулсан болоод цуурайтуулж байгаа спортын олон суутан чухам энэхүү нутгийнх билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, 2012 оны Лондоны зуны олимпод оролцсон 29 тамирчны зургаа нь Өвөрхангайнх байснаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэн элэг нэгт түмнийхээ магнайг тэнийлгэсэн. Гэхдээ хамгаас илүү, бусдаас гарамгай нь Монголын Улсын ХХ зууны манлай тамирчин З.Ойдов. Хархорин суманд төрсөн тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг төрөлх аймгийнхандаа таниулах үйлст өөрийн биеэр оролцохоор МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хамт Арвайхээр суманд зочилж, зарлигийг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон ИТХ-ын дарга И.Доржсүрэн нарт гардуулав. Энэ үеэр МҮОХны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үедээ тамирчдад олгох шагналыг бий болгож байлаа. Тэгвэл өнөөдөр спортын алдартнууддаа насан туршид нь олгох тэтгэлгийн тухай зарлиг гаргалаа. Энэ бүх шийдвэр Монголын спортын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа. Ялангуяа хүүхэд залуучуудыг спортод дуртай болгох, түүгээр хичээллэхэд маш их нөлөөллийг үзүүлж байна” хэмээн онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг гардуулах дараагийн ёслол Хэнтий аймагт болно.