Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон УИХ-ын холбогдох тогтоолын төслүүдийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тухайгаа мэдээлсний дараа гишүүд сонирхсон зүйлээ хуулийн төсөл санаачлагч болоод Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авснаар УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан үргэлжлэв. Аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулахаар төсөлд тусгасан бөгөөд аймаг, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйг сум, баг, хорооноос шууд, гуравны нэгийг улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор заажээ. Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг гэж төсөлд заасныг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байлаа.
Тухайлбал, Д.Дэмбэрэл, иргэний сонгуульд оролцох үүргийг хуулиар зохицуулах, хүчлэн хэрэгжүүлэх арга явуургүй. Иргэдийн чөл өөт эрхийг хангая гэж өмнө нь хууль баталсан болохоор иргэд ухамсраараа сонгуулиа өгдөг байх нь зүйтэй гэлээ. Харин хуулийн төсөл санаачлагчдын нэг Р.Бурмаа иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой гэж дээрх заалтыг тайлбарлав. Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм. Сонгуулийн нутаг дэвсгэр нь аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэр байхаар заасан. Аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд сум, баг, хороо тус бүрээс төлөөлөл байхаар тооцсон нь гишүүдийн анхаарлыг мөн нэлээд татав. Д.Дэмбэрэл нарын МАН-ын гишүүд сум, баг, хороо бүрээс төлөөлөл байна гэж байгаа ч зарим сум 10 мянган хүн амтай, зарим нь 1500 хүрэхгүй иргэнтэй байгааг сануулж байлаа. Манай улсын 330 сумын 15 сум нь 1500 хүрэхгүй, 60-аад сум нь 2000 хүрэхгүй оршин суугчтай гэнэ. Гэтэл зарим сум 10 мянга давсан хүн амтай байх жишээтэй.
Гэхдээ засаг, захиргааны нэгж төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан юм байна. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад боловсронгуй болгох бололцоотой аж. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар 2003 онд УИХын тогтоолоор баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль явуулахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалт байхад ийн өөрчлөх гээд буйн шалтгаан юу вэ гэж лавлалаа. Хөтөлбөрийн дээрх заалт УИХын сонгуультай холбоотой болохоос орон нутгийн сонгуульд хамаарахг үй гэсэн утгатай хариултыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өгөв. Ийнхүү хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Дараа нь Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар ярилцав. Нийгмийн халамжийн тухай хуулийг 2005 онд шинэчлэн батлахдаа бусад салбарын хууль тогтоомжтой нийцүүлэх нэрийдлээр аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын дарга нарыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилж чөлөөлөхөөр болгосон. Үүнээс шалтгаалан нийгмийн халамжийн үйлчилгээг орон нутагт гардан хүргэх үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн бодлогоос хөндийрөх, орон нутгийн улс төрийн албан тушаалтны мэдэлд шилжин халамжийг хавтгайруулах хандлагатай болгосон гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөрдөж байгаа хуульд “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж заасныг “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Нийгмийн халамжийн байгууллагыг удирдлагын босоо бүтэцтэй болгох санаа МАН-ын гиш үүдэд таалагдсангүй. Тэд, орон нутагт эрх мэдлийг өгнө гэж ярьчихаад одоо болохоор босоо том бүтэц байгуулах тухай яагаад ярих болов хэмээн лавлаж байв. . УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Орон нутагт эрх мэдлийг нь өгье гэж хэлээд байгаа Төрийн тэргүүний үг та нарын хаагуур яваад байна. Орон нутгийн эрх мэдлийг боомилж авах гэж байна. Аймаг дээр байгаа агентлагийн даргыг сайд томилох нь. Тэндээс томилогдсон дарга аймгийн удирдлага руу салаавч үзүүлдэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд халдаж байна гэх мэтчилэн саналаа илэрхийллээ.