100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ ирэх аравдугаар сарын 1-15-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин өрсөлдөх билээ. “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд болох ДАШТ-ий зохион байгуулалтад Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас дэмжин ажиллаж, улсын нөөц сангаас 50 сая төгрөгийн хөрөнгийг гаргахаар болжээ.
Даамчдын дунд одоогоор дэлхийн аварга цолыг эзэмшигч, дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, олон улсын их мастер Зоя Голубева, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Украины их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, олон улсын мастер Ханчин Жао нарын шилдгүүд багтжээ. Монгол Улсаас гурван тамирчин оролцоно.
Өнгөрсөн оны Азийн аварга, олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Азийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар өрсөлдөх билээ. ДАШТ-д оролцох даамчдыг танилцуулья.
1.Тамара Тансыккужина (ОХУ) Дэлхийн аварга цол эзэмшиж буй, ОХУ-ын их мастер, дэлхийн таван удаагийн аварга тэрбээр 1978 онд төржээ. 2011 онд Украинд болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Дэлхийн чансааны 4-т (2314) бичигддэг. ОУИМ.
2. Зоя Голубева (Латви) 1967 онд төрсөн. Анх 1986 оны дэлхийн аварга Е.Альтшулийг халз тоглолтод буулган авч түрүүлжээ. 2010 онд Уфа хотноо болсон ДАШТ-д манлайлсан нь 12 дахь түрүү нь байлаа. Эрэгтэйчүүдийн ДАШТ-д шалгаран оролцсон цорын ганц эмэгтэй тоглогч. Дэлхийн чансааг тэргүүлдэг (2365). ОУИМ.
3.Дарья Ткаченко (Украин) 1983 онд төрсөн. Дэлхийн дөрвөн удаагийн аварга. Чансаагаараа дэлхийд хоёрт орж буй (2318). ОУИМ.
4.Нина Хукман (Голланд) 1964 онд төрсөн. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт. Дэлхийн чансааны 3 (2318)-т эрэмбэтэй. ОУИМ.
5.Ольга Федорович (Беларусь) 1992 онд төрсөн. Дэлхийн оюуны спортын их наадмын аварга. Чансаагаараа тавд (2306) яваа. ОУИМ.
6.Матрена Ноговоцына (ОХУ) 1991 онд төрсөн. Дэлхийн оюуны спортын их наадмын аварга. Дэлхийн чансаагаар 6 (2284)-д яваа. ОУИМ.
7.Виктория Мотричко (Украин) 1989 онд төрсөн. Дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медальт. Дэлхийн чансааны 9 (2252)-т яваа. ОУИМ.
8.Мөнхбаатарын Нямжаргал (Монгол) 1996 онд төрсөн. 2012 оны Азийн аварга, 2010 оны Азийн АШТ-ий хүрэл медальт. Дэлхийн чансааны 71 (2079)-т яваа. ОУИМ.
9.Эрдэнэцогтын Мандахнаран (Монгол) 1991 онд төрсөн. 2013 оны Азийн аварга. Дэлхийд чансаагаар 32 (2193)-т яваа. ОУИМ.
10.Ханчин Жао (БНХАУ) 1994 онд төрсөн. Азийн АШТ-ий мөнгөн медальт, дэлхийн залуучуудын аварга. Дэлхийн чансааны 60 (2121)-т яваа.ОУМ.
11.Наталья Садовска (Польш) 1991 онд төрсөн. Европын АШТ-ий мөнгөн медальт. Дэлхийн чансааны 14 (2231)-т яваа. ОУМ.
12.Алына Собакина (ОХУ) 1994 онд төрсөн. ОХУ-ын аварга. Дэлхийн чансааны 16 (2227)-д яваа. ОУМ.
13.Лайма Адлите (Литва) 1971 онд төрсөн. Литва улсын аварга. Дэлхийн чансааны 15 (2228)-д яваа. ОУМ.
14.Пирет Виирма (Эстони) 1968 онд төрсөн. Эстонийн аварга, ДДХМ. Дэлхийн чансааны 51 (2145)-т яваа.
15.Гансүхийн Алтанхуар (БНХАУ) 1993 онд төрсөн. 2010 оны түргэн тоглолтын Азийн аварга, Бүх Хятадын аварга.
16.Моломжамцын Одгэрэл (Монгол) 1998 онд төрсөн. Өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, спортын дэд мастер.