Оюутолгой далд уурхайн үйл ажиллагаагаа зогсоосон нь манай улсын эдийн засгийн байдал хүндрэхэд нөлөөлсөн.
Тиймээс Оюутолгойн ТУЗ-д эх орныхоо эрх ашгийг төлөөлөн ажилладаг гурван гишүүнийг УИХ-ын ээлжит бус чуулган дээр дуудаж, мэдээлэл сонсъё гэсэн саналыг гишүүн Г.Уянга З.Энхболд даргад тавьсан байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой янз бүрийн мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлээр цацагдаж байна. Хөрөнгө оруулагчид Монголоос гарах хүртэл нөхцөл үүслээ гэх мэтээр ташаа мэдээлэл гарч байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарласан нь шууд болон шууд бус утгаараа Оюутолгой төсөлтэй холбоотой. Манай улсын эдийн засаг ч тодорхой хэмжээгээр уг төслөөс хамааралтай болчихсон. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд улсынхаа эрх ашгийг төлөөлөн ТУЗ-д нь ажиллаж байгаа гурван хүнийг дуудан мэдээлэл сонсох саналыг спикерт тавилаа. Оюутолгой төсөлтэй холбоотой элдэв маргаан гардаг ч бодит мэдээлэлд ойр байгаа ТУЗ-ийн гишүүдийг огт сонсож байгаагүй юм билээ. Уг төслийн юу нь болохгүй, ямар асуудал байна, бид юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ТУЗ-ийн гиш үүд хамгийн сайн мэднэ, тэдний өгөх мэдээлэл УИХ-д ч, ард түмэнд ч чухал.
-Эдийн засгийн байдал хүндэрсэн нь шинэчлэлийн Засгийн газрын бодлого буруугаас болсон, өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн гэх мэтээр маргаж байна. Таны байр суурь ямар байна вэ?
-Хэнтэй холбоотой байх нь чухал биш. Засгийн газар солигдлоо гээд бүх зүйл шинээр эхлэхгүй. Тиймээс өмнөх хамтарсан Засгийн газрын буруутай үйл ажиллагаа ч нөлөөлсөн. Үүнийг шинэ Засгийн газар залруулж чадаагүй. Ялангуяа Монголбанк бодлогоо барьж, ханшийн тогтвортой байдлыг хангаж чадааг үй. Тиймээс Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Долларын ханш хэд хүрч, хүмүүсийн амьдрал хэрхэн доройтож, бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсөж байгааг бид харж байна. Үүнийг цаасан дээрх хоосон тоон үзүүлэлтээр тайлбарлах боломжгүй. Инфляц өмнөх жилийнхтэй харьцуулахад бага байна, үүнээс муу байх байсан юмыг бид ажиллаж байж гайгүй болголоо гэх мэтээр өөрсдийгөө аврах гэсэн тайлбар сонсогдож байна. Яагаад үүнээс илүү сайн байлгах нөхцөлийг Засгийн газар, Монголбанк бүрдүүлж чадаагүй юм. Юутай ч үүссэн нөхцөлийг сайжруулах үүргээ Засгийн газар биелүүлэх ёстой.
С.УУЛ