Нуран унахыг нь харсаар байгаад дуугүй өнгөрөхөд дэндүү хайран үнэ цэнэтэй зүйлс гэж бий. Өв соёл, түүх, давтагдашгүй бүтээл, нийгэмд чухал нөлөөтэй бүлэг, байгаль орчин, хүн ардын эрүүл мэнд гээд хэнээс ч зөвшөөрөл авалгүй өмгөөлж, хэн нэгний далайлтаас дальдралгүй хамгаалах ёстой тийм л зүйлүүдийн тухай бичих нь сэтгүүлч бидний үүрэг билээ. Улаанбаатар хотын төвд байсан цэнхэр асрын тухай хэдэнтээ бичиж, болдогсон бол эргүүлж аваад циркийн жүжигчдэдээ өгчих юмсан гэдэг хүслээ хэзээ ч буруу байсан гэж боддоггүй. Өнөөдөр энэ бодол минь зөв байсныг батлан, ЦИРК хэмээх итгэл, сэтгэлээр жигүүрлэсэн гайхамшигт урлагийн өргөө БААР болон хувирчихлаа. Улсын циркийг хувьчлахдаа БААР болохыг нь харах гэж, хэдэн жүжигчин нь хөсөр хаягдахыг үзэх гэж шийдвэр гаргаагүй байлтай. Машин угаалгын газар, электрон барааны дэлгүүр, хувцас худалддаг “хар зах” болоход нь хүртэл ингэж их харамсаж байсангүй.
Хүүхдийн инээд цалгиаж, бахархлын алга ташилт нижигнэдэг байсан циркээс одоо хундага харшуулах чимээ, хөлчүүрхэн хашгичих дуу л сонсогдох нь. Циркийн зүүн жигүүрт өнгөрсөн хавраас өргөтгөл хийж, шил толь болсон, өвөрмөц хийцтэй барилга барих болсон юм. Манежаа тойруулан худалдаа хийдэг байснаа болиод “захаа” ийшээ нүүлгэх юм болов уу хэмээн найдаж л байлаа. Үгүй байжээ. Монголын үндэсний циркийн хаяанд “Krone” гэдэг нэртэй уушийн газар байгуулагдсан нь энэ. Арваннэгдүгээр сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийчихээд, хүлээн авалтын захиалгад дарагдан бужигнаж байгаа сурагтай. Хувьчлаад авсан байшингаа хэрхэн ашиглах нь миний эрх гэсэн шиг бардамнаж асан Сүмогийн их аваргын царай нүдэнд тодров. Түүнийг хянадаг төрийн байгууллага, тэднээс хариуцлага шаардах эрхтэй албан тушаалтан байдагг үй, байх ч ёсгүй мэт бухимдлаа илэрхийлснийг хэвлэлийн бага хурлын видео бичлэгээс үзэж болно. Аварга маань урлагт биш, бааранд хайртай бололтой. Цирк үзүүлж, мөнгө олохоос ил үүтэй, архи, дарс зарах нь хялбар санагдсан байх. Харамсалтай л юм.
САЙДДАА ШООВДОРЛОГДСОН ЦИРК БА ЦИРКЧИД
ШӨХТГ-ын дарга О.Магнайг хий дэмий “шоудаж” дуулиан, шуугиан дэгдээсэн гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ хэн ч өмгөөлж, хамгаалахаа байсан циркчдийн өмнөөс тэр зоригтой дуугарсан. Анх “Монголын үндэсний цирк” ХХК-д зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн ч тэд үүнд нь хариу өгөөгүй. Зөрчлөө яаж арилгахаа албан бичгээр ирүүлсэн бол ШӨХТГ-аас энэ оныг дуустал үүрэг өгч, хэрхэн ажилласныг нь шалгах байсан юм билээ. Төрийн байгууллагын шаардлагыг биелүүлдэггүй “бүд үүн зүрхтэн үүд”-ийн зөрчлийн тухай Төрийн өмчийн хороонд энэ сарын 16-нд мэдэгдэж, хамтарсан Ажлын хэсэг байгуулах санаачилга ч мөн гаргажээ. Ажлын хэсэгт Төрийн өмчийн хороо, ШӨХТГ, ССАЖЯ орох ёстой байсан ч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “...Одоогийн байдлаар Улсын циркт менежментийн хувьчлал хийгдсэний зэрэгцээ, барилга байшин, эд хөр өнгө нь дуудлагаар хувьчлагдсан байна. Циркийн аль хэсэг нь барилгын хувьчлал болж, бүрэн шилжсэн, аль хэсэг нь улсад буцаан авч болох менежментийн гэрээт төрийн өмч болох нь ялгаж, салгах боломжгүй байна... ...Өмч хувьчлалыг шууд буцаах нь төр, хувийн хэвшлийн хоорондын суурь харилцаанд тогтворгүй байдал, айдас хүйдэс авчрах магадлалтай тул улсын циркийг АСА багт хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгуулах тухай асуудалд тус яамны зүгээс оролцохоос түдгэлзэж байна...” хэмээн энэ оны долдугаар сарын 3-нд мэдэгджээ. Тухайн үед асуудал эрхэлж байсан сайд нь ийм хариу өгч, арга буюу ТӨХ, ШӨХТГ хамтран хоёр сарын өмнө Ажлын хэсэг байгуулжээ.
Тэд Монголын үндэсний циркт дахин шалгалт хийх болсон байна. Менежментийн хувьчлалыг хариуцан зохион байгуулсан ТӨХ гаргасан шийдвэрээ эргэн харж шалгахаар болсон байхад ССАЖЯ энэ асуудалд оролцохгүй гэсэн нь “Төр, хувийн хэвшлийн харилцаанд сэв суулгаж айдаст автахаас илүүтэй” сайд нь хэн нэгнээс “айчихсан” мэт сэтгэгдэл төрүүлэв. Тэгээд ч тухайн үеийн Менежментийн болон Худалдах, худалдан авах гэрээнээс ямар нэгэн зүйлийг дуудлагаар худалдсан тухай үг, өгүүлбэр байдаггүй. Харин “Худалдах, худалдан авах гэрээнд “...Худалдагч, худалдан авагч талууд Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхг үйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль, Менежментийн гэрээний 9.4.1, 12.2.1 дэх заалт болон холбогдох эрхзүйн бусад актыг үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг 2008 оны долдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод байгуулав” гэж бичжээ.


“БЭЛТГЭЛ ХИЙХИЙН ТУЛД МӨНГӨ ТӨЛ, ХАРИН БИД ЦАЛИН ӨГӨХГҮЙ”
Монголын үндэсний циркт ийм зарчим үйлчилдэг. Тэр ч бүү хэл сүүлийн үед бэлтгэл хийхийг хүссэн жүжигчдээс цагт 10 мянган төгрөгийн төлбөр шаардах болжээ. ШӨХТГ-аас хийсэн шалгалтын дараа Монголын үндэсний циркийн найруулагч Ц.Батнайрамдал 60 гаруй жүжигчин цалинжуулан ажиллуулдаг гэж ярьсан нь ч худлаа. Тус циркт бэлтгэл сургуулилалт хийдэг жүжигчид гадаадад гэрээгээр ажиллахдаа циркийн захиргаанд цалингаасаа “хувь” өгч, Нийгмийн даатгалаа тус байгууллагын санхүүгээр дамжуулан хувиараа төлдөг. Учир нь циркийн жүжигчид бусад урлагийнхны нэгэн адилаар 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах боломжтой байдаг бөгөөд одоогийн байдлаар энэ циркт харьяалагдаж байж л болзлоо биелүүлж чадна. Тэнд бэлтгэл хийдэг хэдэн хамтлагийн жүжигчид ийм л шалтгаанаар “амаа үдүүлсэн”.
Хувьчлагдсанаасаа хойш цирк нэртэй энэ байгууламжийн барилга нь томорч, эзэмшил газрынх нь хэмжээ нэмэгдсэнээс биш, уран бүтээлч, жүжигчид, суралцагчдын тоо илт буурсан. Эргэн тойронд нь циркийг санагдуулах зүйл ч үгүй болжээ. Шахагдан шахагдсаар үгүй болох нь ч илэрхий. Монголын үндэсний цирк өдий хүртэл тоглолтын танхимаа түрээсэлж л уран бүтээл хийсэн нэр зүүж яваа. Тэрэндээ хүрвэл, Монгол бөхийн өргөө тэднийхээс ч сайн ажилладаг байх. Сүүлийн үед Монгол циркийн хөгжлийн төв, “Улаанбаатар цирк”, “Шинэ цирк” төв зэрэг байгууллага бие даан амжилттай үйл ажиллагаа явуулж, гадаадын циркчдийн тоглолтыг улсдаа зохион байгуулж буй. Харин сайн ажиллаж байгаа тэдгээр хүний тоглолтын далбаанд Монголын үндэсний цирк гэдэг нэрийг хавсаргаж л амь зогоож байгаа нь үнэн билээ. Бие даан зохион байгуулж, үзэгчдэд хүргэсэн нэг ч тоглолтыг нь санахгүй юм.
Монголын үндэсний циркийн захирал Х.Пүрэвбадам гуай саяхан нэгэн циркийн жүжигчинд хандан “Хэзээ Монголд ирэх вэ. Шинэ ресторантай болсноо мялаагаад гоё шинэ жил хийх гэж байгаа” хэмээн фэйсбүүк хуудсанд бичсэн байв. Баяр цэнгэл байх ёстой газраа, хэмжээндээ л байвал үнэ цэнэтэй. Агаарт дүүлж, тэнцвэр хийж тив дэлхийд алдарших сууриа эндээс олсон гал улаан манеж, хөх асрыг нь дэвсэлж, нурааж, сүйтгэчихээд тэднийг баярт урих нь оновчтой гэж үү.Мөнгөний өмнө мөхөстөж, аргагүйн эрхэнд түүний нүүр өөд харан инээдэг циркийн жүжигчдийг ч өрөвдмөөр юм даа.