УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр амьд донорын хүртээмжийг тэлж, гэр бүлийн гишүүдээс нь донор болох хүн байхгүй тохиолдолд хүргэн, бэрээс нь сонгох боломж бүрдэж байна. Мөн амьд донорын насны доод хязгаар 21, амьгүйнх нь хязгааргүй болж, эсийн донорын насны доод хязгаар 18 болжээ. Түүнчлэн хууль баталснаар иргэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх, эсийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, хүйн цус, эд, эсийн банк байгуулах, Монголд эмчлэгдэхгүй өвчин, эмгэгийг анагаах боломж нэмэгдэх нь.
Улмаар амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдан, иргэд олон улсын жишгийн дагуу OPT out/in холимог тогтолцоо бүхий донорын карттай болох аж. Үүний үр дүнд донор гарсан тохиолдолд гэр бүлд нь танилцуулан, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг саадгүй хийх юм. Амьгүй донор нь эрүүл мэндийн даатгал төлж байсан, эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангаас ар гэрт нь олгоно.
Мөн дээрх хуулиар эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хяналт, хариуцлагыг чангалж, шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явцыг тодорхой болгон, донор, өвчтөнтэй холбоотой ёс зүйн асуудлыг ч хамгаалжээ. Тээгч эх, үр шилжүүлэн суулгах харилцааг ч зохицуулж, төрсөн хүүхдийг биологийн эцэг, эхийнх нь нэр дээр бүртгэх гэнэ. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор тав, УИХ-аар гурван удаа хэлэлцсэний дүнд ийнхүү баталсныг албаныхан онцоллоо.
О.Ундрах