Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Манай улсын ДНБ ирэх онд 5.8, 2028 онд зургаа, 2029 онд ойролцоогоор 6.3 хувиар өсөх төлөвтэйг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулав. Нүүрсний олборлолт тогтвортой ахиж, дэлхийн зах зээл дэх бусад түүхий эдийн үнэ болон экспорт тогтвортой байх магадлалтай бөгөөд энэ нь уул уурхайн салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх аж. Мөн хөдөөаж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжүүлж, боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай юм байна. Эдгээрийг харгалзан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гол нэрийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнэ болон олон улсын байгууллагуудаас гаргасан ханшийн төсөөлөлд үндэслэн боловсруулсан байна. Түүнчлэн нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Харин Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2027- 2028 онд 50, 2029 онд 45 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн үзүүлэлт аж. Улмаар дээрх хуулийн төсөл батлагдсанаар 2027 оны төсвийн зарлагын болон 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл, холбогдох тооцоо, судалгааны суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн ЭЗХЯ-ны мэргэжилтнүүд үзсэн гэнэ.
С.Дулам