Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр болж, ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогт, дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны дарга Н.Ганибал болон Ч.Өнөрбаяр нарыг О.Цогтгэрэл дарга нь нэр дэвшүүлжээ. Олон фракцтай намаа эв нэгдэлтэй байлгахын тулд албан тушаалын “бялуу”-г тэнцүү хуваах хэцүүхэн үүрэг АН-ын үе үеийн даргад ногдож ирсэн. Тэр ёсоор л хуваарилжээ. Манай сонины дугаар шилжих мөчид генсекийг батламжлах нууц санал хураалт дуусаж, тооллого нь эхлээд байв.
Эдгээр албан тушаалд өөрийн хүмүүсээ томилуулахын тулд фракцуудын дунд нэлээд тэмцэл өрнөлөө. Өнгөрсөн сарын 15-нд болсон тус намын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноос энэ бүхэн эхтэй юм. АН-ын шинэ дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч сарын хугацаанд л ажиллана. Тэр хооронд албан ёсны хүнээ томилох ёстой гэсэн үг. Тэгвэл түүнийг генсек болгохоос АН-ын зарим нэг хүн ихэд айжээ. Тиймээс өөрийн болон өрөөлийн хүмүүсийг ч түүний эсрэг турхирав. Уг нь улс төрийн нам дотроо маргаж байвал хэвийн, эрүүл үзэгдэл. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагчид” С.Баярцогтын эсрэг зэрэг дуугарч, сөрөг хүчний асуудалд оролцоод эхэлсэн билээ.
Хэн нь МАН-ын “тролл” вэ
С.Баярцогтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг тал хэмээн УИХ дахь Х.Баттулгын талын гишүүд мэдэгдэж буй. Тухайлбал, Л.Мөнхбаясгалан гишүүн “С.Баярцогтыг генсекээр жинхэлбэл 2027, 2028 оны сонгуульд АН ялагдана. У.Хүрэлсүх 2021 онд Х.Баттулгыг өрсөлдүүлэх эрхгүй болгож байгаад сонгогдсон. Манайхаас С.Эрдэнийг өрсөлдүүлж, гурван хүнээс дөрөвт орсон шүү дээ. Тийм л зүйл болно. Тэгээд ч бүх нийтэд энэ хүн таалагддаггүй. С.Баяр болон түүний хийсэн Оюутолгойн гэрээний үр дүнд өнөөдөр Монгол Улс өдөр бүр 16 тэрбум төгрөг хүүнд нь төлж байна” гэжээ. С.Баярцогтыг эсэргүүцэгчид ийнхүү Оюутолгойн гэрээг гол шалтгаа болгож буй юм. Гэтэл үүнээс хойш найман Ерөнхий сайд солигдчихоод байна. Алдаа, оноо байсан бол тэд яагаад засаагүй, сайжруулаагүй юм бэ. Тийм боломж байсан ч ашиглаагүй гэдгийг тэрбээр сонсголын үеэр олон давтсан билээ. Гэхдээ энэ талаар хэн ч ярьсангүй.
Бас Х.Баттулгын талынхан түүнийг С.Эрдэнэтэй зүйрлэж, хэтэрхий басамжилжээ. С.Баярцогт 23 настайдаа УБХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос эхлэн төр барилцсан улс төрч. Энэ олон жил улс төрд “чанагдсан” хэдий ч Засгийн газрын ХЭГ-ын даргаас дээш албан тушаал хашсан нь үгүй. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед түүнийг буруутган шалгаж, гурван шатны шүүхээр шүүсэн юм. Гэвч эцэст нь гэм буруугүй хэмээн Дээд шүүхээс цагаатгажээ. Ямартай ч тэр шалгуулсан гэсэн үг.
АН дотор тэр бол гавьяатай хүн. Хоёр сонгуулиар өвдөг шороодсон тус намынхан талцаж, бутарч явах үед эвлүүлж, нийлүүлсэн хүн нь С.Баярцогт гэдгийг өчигдөр ч ҮБХ-ны гишүүд нь хэлж байв. Тэрбээр өөрөө “Манай намд дөрвөн том, хоёр жижиг фракц бий. Томууд нь намайг дэмжиж байгаа. Эсэргүүцэж буй цөөхөн хүн бий” хэмээн ярьжээ.
Энэ бүхнээс үзвэл Х.Баттулга гишүүн түүний эсрэг талд байгаа аж. Гэвч генсект өрсөлдүүлэхээр санал болгож буй өөр хүн түүнд байсангүй. Өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хороогоор Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийнхэн нэгэн “жүжиг” тоглов. Уг нь тус байнгын хороог Д.Цогтбаатар даргалдаг ч яагаад ч юм алхаа Б.Баярбаатарт шилжүүлээд гараад явсан. Тэгмэгц П.Сайнзориг хэлэлцэж буй асуудалтай огт хамааралгүй Жеффри Эпштэйний хэргийг сөхөж ярьж эхлээд, О.Батнайрамдал тэргүүтэн үргэлжлүүллээ. Нэг хэсэг дэлхийг шуугиулсан “Эпштэйний файл” хэмээх материал дотор манай улс төрчдийн нэрс байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудлыг дахин сөхөхдөө тэрбээр “Эпштэйний файл” дотор “Оюутолгой” төслийн Дубайн гэрээтэй холбоотой асуудал байна. Энэ тухай Австралийн “Financial review” сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарт бичсэн. Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, С.Баярцогт ХЭГ-ын дарга байсан. Ийм ноцтой асуудалд холбогдсон С.Баярцогт дэвшээд л яваад байх юм” гэх мэтээр ярьсан. “Тэр ийм муу хүн тул албан тушаалд дэвшүүлж болохгүй”. Түүний ярианы гол агуулга ерөөс энэ байжээ. Тус хуралдааны эхний хэсэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга сууж байгаад, гишүүд асуулт тавих үед гарч явсан юм. Энэ асуудлаар ХЗДХЯ-ныхан ажлын хэсэг байгуулахаар болоод уг “жүжиг” дуусна лээ.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа өөр намын Х.Баттулгыг зөвлөхөөрөө ажиллуулах үед олон нийт гайхаж байв. Тэгвэл түүнийг Женкогийн “утсан хүүхэлдэй” хэмээх олон жилийн өмнөөс дуулдсан мэдээллийг дээрх үйл явдал батлав. Үнэндээ Х.Баттулга МАН-ын 30 хүнтэй бүлэглэлийг удирдаж, шаардлагатай үедээ АН-ын дотоод асуудалд “дайчилдаг” байх нь. Тэгэхээр С.Баярцогт, Х.Баттулга нарын хэн нь МАН-ын “тролл” вэ. Үнэндээ МАН, АН гэж тусдаа нам зөвхөн цаасан дээр үлдээд, хөшигний ард эрх ашгаараа нэгддэг болсон юм биш үү.
Үе хоорондын тэмцэл
С.Баярцогтыг эсэргүүцэж байгаа АН-ын зарим улс төрч үүнийгээ “Залуу үеэ дэмжих цаг болсон” гэсэн сайхан үгээр тайлбарласан юм. Х.Тэмүүжин гишүүн 1980-аад оныхныг “балиашиглаж” буй аж. Тэрбээр “1970-аад оныхон нам дотроо ч, улсын хэмжээнд ч ачааны хүндийг үүрч байна. Гэхдээ намынхаа “гал тогоо”-нд дараагийн үеэ ажиллуулъя. 1980-аад оныхноос лидер төрүүлэх санааг 2024 оны сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ахмад, дунд, залуу үе хамтран ажиллах учиртай. Бид хуваагдлаар биш, үзэл санааны нэгдлээр ажиллах нь зөв. Улс төр хийж буй нам хүнээр баримжаалж асуудлаа шийддэг байж болохгүй. Бодлого, зарчим, Үндсэн хуулиараа баримжаалах ёстой” гэсэн юм. Тэгэхгүй бол талцал, фракцын хуваагдал гаарч буйг тэрбээр сануулсан. Тус намынхан генсек, дэд даргаа томилсны дараа УИХ дахь бүлгийн даргаа тодруулахаар хойшлуулаад буй. Уг албан тушаалд өрсөлдөж байгаа хоёр хүний нэг нь Х.Тэмүүжин. Түүнийг дэмжигчид “Парламентад олон жил ажилласан туршлагатай гишүүн УИХ дахь бүлгээ зангидаж ажиллах нь зөв” гэж буй юм. Энэ гишүүн өөрөө 1970-аад оны төлөөлөл. С.Баярцогт бол 1960-аад оны хүн. Тэгэхээр ахмад ангилалдаа орчхож байгаа бололтой. Дэд дарга болж буй Н.Ганибал гишүүн ч түүнтэй санал нэг байв. Ийм байр сууриа цөөнгүй гишүүн нь илэрхийлсэн юм.
МАН-д өрнөөд буй үе хоорондын тэмцэл АН-ыг ч тойрсонгүй. Та нар одоо болно, залуустаа байр сууриа тавьж өг хэмээн дуугарч буй “дүү” нарынх нь ард үнэндээ өөр нэг “ах” л суугаад байх шиг. Тэгэхээр үеэр биш, чадвар, туршлага, энгийн гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа сонголт хийвэл тус намынханд хэрэгтэй мэт.
Мөн үүнтэй зэрэгцээд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж эхэлжээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Намын даргыг л гишүүдээрээ сонгоё. Бусад томилгоогоо дарга нь өөрөө мэдээд шийддэг байя. Тэгэхгүй болохоор талцал үүсэж, хэн хэдэн хүн цуглуулах тухай асуудал бий болоод байна” гэв. 2023 онд шинэчлэн найруулж баталсан уг хуульд удахгүй дахин “засвар” хийх нь. Учир нь Л.Гантөмөр гишүүн дээрх агуулга бүхий өөрчлөлт оруулсан төсөл санаачилна гэв.
Хонь бүрэн Чоно цатгалан
Хэдэн өдрийн турш намынхаа ирээдүйн төлөө бус, бүлэглэлийн эрх ашгийнхаа төлөө талцсаны эцэст АН-ынхан тохиролцож чаджээ. Учир нь дэд дарга нарын албан тушаалыг фракцууддаа тэнцүүхэн хуваасан байна. С.Баярцогтыг ҮБХ-ны гишүүдийнх нь олонх буюу голлох фракцууд дэмжиж байсан учраас ямартай ч зүтгүүлжээ. Үүнийхээ хариуд буулт хийж, “бялуу” хуваарилсан гэсэн үг. Л.Мөнхбаясгалан Х.Баттулгын буюу МоАХ фракцын хүн гэдгийг монголчууд бүгд мэднэ. Парламент дахь сэтгүүлч мэргэжилтэй гишүүдийн нэг болох Д.Энхтуяа бол уржигдар шинээр байгуулагдсан “Ардчиллын сэргэлт” хэмээх гоё нэртэй холбооны гишүүн. Уг фракцад УИХ-ын 11 гишүүн багтсан аж. Тэргүүн нь Д.Ганбат гишүүн болж, Б.Түвшин, Х.Болормаа, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, А.Ганбаатар, П.Батчимэг, Д.Жаргалсайхан, Дав.Цогтбаатар, Г.Хосбаяр нар нэгдсэн юм байна. Ч.Өнөрбаяр бол С.Баярцогтыг дэмжиж байгаа. П.Мөнхтулга нь залуусын төлөөлөл. Ингээд өнөөдөртөө хонь бүрэн чоно цатгалан болов. Хойшид хэний бодол хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.
Эрх баригчдаас тусламж аван байж нэгийнхээ эсрэг хар пиар хийсний эцэст талууд ийнхүү учраа ололцжээ. Хэдэн өдрийн турш болж өнгөрсөн үйл явдлаас харахад нэг зүйл тун тодорхой байна. Ардчилсан нам, МАН гэж тусдаа байхаа больжээ. АН хэдийн МАН-тай хамтран “эрлийзжсэн” аж. Хэрэг гарвал нэг хэсэг нь эрх баригч намаасаа тусламж авдаг, “ажлаа” хөшигний ард хэлэлцэн шийддэг л болчхож. Уг нь үзэл баримтлалын хувьд эсрэг, тэсрэг намынхан ийнхүү “нэгдсэн”-ий ард улс орны эрх ашиг гээгдэж үлдсэн нь гунигтай.
АН цаашид сэхэж, “бие даан” ажиллах уу, эсвэл МАН-ын “дагуул” мэт явах уу гэдгийг харах үлдэв. Эв нэгдлээ хангаж, эсэргүүнүүдээ холдуулах ур ухааныг удирдлагын шинэ баг нь гаргаж чадах болов уу.