Энэ УИХ-ын юм үзэж дол цохисон эрчүүдийн нэг бол Шадар сайд Н.Номтойбаяр. Хөөрхөн харизматай. Хэлсэн үгэндээ хүрнэ гэж хүмүүс итгэдэг. 2024 оны сонгуулиар эвсэл нь 4 суудал авсан ч 2 ч Засгийн газарт оролгүй үлдсэн. Тэгж байж байгаад Н.Учралын Засгийн газрын Шадар сайдаар томилогдсон. Ажил албан тушаал нь түүнд зохиж байгаа. Ярих юм байхгүй. Ойрд Онцгой байдлын газруудаараа, боомтуудаар яваад завгүй яваа үзэгдэнэ.
Харин Н.Номтойбаяраас олон нийт нэг зүйлийг харах маягтай. Тэрээр сул гишүүн байхдаа 2026 оны 3 дугаар сарын 24-нд: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад Бодь групп, Тавантолгой төмөр замын гэрээний үнийн дүн нэг тэрбум 5 сая ам.доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар гээд нийт 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцоход төсвийн 13 орчим хувийг эзлэх маш их үнийн дүнтэй асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл ярилаа. Үнэн нь хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хаана байна вэ. Бодь группийг төлөөлж гарын үзсэн зурсан А.Амундра, Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хаана байгаа юм бэ. Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарлаж байсан. Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа гараад зугтаж байсан. Энэ асуудалд холбоотой, гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйл явдал болсон. Энэ хэрэг Цагдаагийн газар бүртгэгдсэн. Ямартаа ч энд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор УИХ нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нийт 5:40 цагийн материал байдаг юм байна. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж, тэдний тойрон хүрээлэл дунд асар том авлига хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулах эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болно гэж мэдэгдсэн.
Ингэж хэлснээсээ хойш нэг их удалгүй Шадар сайд болсон. Гэхдээ 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Н.Номтойбаяр: Миний байр суурь Засгийн газарт орсон ч өөрчлөгдөөгүй. Олон нийтийн дунд эргэлзээ, маргаан үүсгэсэн Бодийн гэрээ, Харбины гэрээ, Ганцмод-Гашуунсухайтын хил холболт, Туулын хурдны зам гэх мэт асуудлуудыг нэг мөр мухарлаж, нотлох баримт ярих цаг болсон. Гэм буруу нь шүүхээс тогтоогдоогүй байхад хэн нэгнийг хэлмэгдүүлж, гүтгэж болохгүй. Бодийн гэрээтэй холбоотой түр хороог байгуулахад Үндэсний эвслийн 4 гишүүн гарын үсэг зурсан, одоо АН, МАН-ын гишүүдийн 28 гарын үсэг хэрэгтэй гэж дахин хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хонож байна. Тэр таг. Бодийн гэрээг шалгах түр хороо байгуулах саналд гарын үсэг зуръя гэсэн гишүүд Н.Номтойбаярын гарын үсэг цуглуулж байгаа бланкийг хайгаад эхэлсэн сурагтай. Тэгээд олдохгүй болохоор нь: Бодийн Д.Баясгалан Н.Номтойбаярыг Шадар сайд болсных нь дараа номонд нь оруулчих шиг боллоо, бланк нь олдохоо болилоо. Н.Номтойбаяр уг нь Д.Баясгаланд урхидуулж номондоо орох хүн биш, тэгээд ч нэг кабинетад тэрнээс болоод баларчихсан Б.Энхбаяр сууж байгааг мэдэж баймаар юм. Юу дутлаа гэж Д.Баясгаланд урхидуулах билээ гэж хоорондоо шивэр авир хийгээд эхэлжээ. Шадар сайд болоод сар илүүхэн болж байгаа Н.Номтойбаярыг гишүүд ингэж хардацгааж байна.
М.Бат-Эрдэнэ