Байгаль орчны салбарынхан энэ оны эхний дөрвөн сард иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган, шийдвэрлэжээ. Эдгээрээс 164-ийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээсэн аж. Харин гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг харьяалах байгууллагад шилжүүлсэн гэнэ. Одоогоор 20 гомдол, мэдээллийг шалгаж буй юм. Хяналт, шалгалтын хүрээнд байгаль орчинд учруулсан хохиролд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үүний 59 хувийг барагдуулжээ. Мөн иргэдийн ирүүлсэн мэдээллийн мөрөөр байгалийн нөөц зөвшөөрөлгүй ашигласан, ойн болон усны хууль тогтоомж, аюултай хог хаягдлын журмын эсрэг зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлэн, таслан зогсоосон байна.
Иргэдийн идэвхтэй оролцоо, мэдээлэл нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр болж буйг салбарынхан нь онцлов.
Ч.Цэлмэг