Улстөрч, эдийн засагч-статистикч мэргэжилтэй, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолтой Нямжавын Батбаяр социализмын үеэс ардчилсан хувьсгал ялах хүртэл 1983-1992 он хүртэл Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч даргаар ажилласан. Энэ хоорондоо 1990 - 1992 онд АИХ-ын ын депутат, орлогч даргын албыг хашиж байв.
1992 онд Монгол түлхүүр ХХК, Фортуна группийг байгуулж захирал, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад 1999 онд ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа буцаад Монгол түлхүүр ХХК-ийнхаа захирлаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын гишүүн болсон. Гишүүнээр ажиллах хугацаандаа 2006 оныг хүртэл Барилга хот байгуулалтын сайд байсан. Тэрээр 2008, 2012 онд дараалж сонгогдохдоо, 2012 оноос Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Харин тэр үед түүнийг тэнгэр шүтлэгтэй болсон талаар ярьж эхэлсэн. Н.Батбаяр нь 2015 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байхдаа УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох санаачилгыг дэвшүүлсэн. Түүнийгээ: -99 гэсэн тоог монголчуудын 99 дээд тэнгэр, ес гэсэн тооны бэлгэдлийг үндэслэн, парламентыг 99 гишүүнтэй, Засгийн газар 9 яамтай байх нь оновчтой гэж тайлбарлаж байсан удаатай.
Мөн УИХ-ын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний нэгдсэн чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад: -Ийм яриа байдаг л даа. 1921 онд нам байгуулагдаж гэнэ. Тэгээд тухайн үеийн хүмүүс шинэ юм гарч ирэхээр лам багшаасаа очиж асуусан гэнэ л дээ. Нам гээд юм гараад ирчихлээ, юу болов гэсэн чинь, хэдий наслах вэ дээ гэж. Үгүй ээ, намд чинь бас хэд наслах юм байх уу, хэд хүрэх юм бэ гэсэн чинь 90 хүрэх юм байна гэж. Тэгээд юу болох юм бол доо гэхэд, үгүй яах вэ Сүхээр эхэлсэн нэртэй хүн байгуулж, Сүхээр төгссөн нэртэй хүн самрах юм гэсэн гэж ярьдаг гэж байв. МАН-ын тухай энэ яриаг сүүлд гаргаж ирсэн нь энэ хүн. Сүүлийн үед улс төрийн байдал хурцадхаар: МАН-ыг Сүхээр эхэлсэн нэртэй хүн байгуулж, Сүхээр төгссөн нэртэй хүн самарна гэж ярьсан нь сөхөгдөөд байдаг болсон.
Н.Батбаяр саяхан МАН-ын тухай дахин нэг зүйл хэлжээ. Тэрээр: -Н.Учрал 40 хүрээгүй байхдаа Ерөнхий сайд болчихсон. Тийм учраас 40 хүрэлгүй огцорно гэсэн байна. ам дамжаад Ерөнхий сайд Н.Учрал 1987 оны 1 дүгээр сарын 27-нд төрсөн. 2027 оны 1 дүгээр сарын 27-нд 40 нас хүрнэ. Ерөнхийдөө Н.Учралыг 9-10 дугаар сарын үед Ерөнхий сайдаас огцорно гэж эрх баригч, сөрөг хүчний намынхан шивэр авир хийгээд эхэлсэн. Г.Занданшатар, Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар нар фракц болчихсон Б.Жавхланг 36 дахь Ерөнхий сайдаар томилуулах гээд гүйж яваа дуулдсан.
Н.Батбаярыг МАН-ыг дахин дахин ярьснаас болоод улс төртэй ойр хүмүүс: Фортуна Н.Батбаяр МАН-ын зурхайч болжээ гэцгээж байна.
М.Бат-Эрдэнэ