-Хавтангуудыг хэрхэн өрснийг загварчлалаар тогтоосон нь өмнөх нээлтүүдийг улам баталжээ-
Тус бүр нь хэдэн тонн жинтэй өчнөөн сая чулуун хавтанг эртний египетчүүд хэрхэн тээвэрлэж, өрж төгс хэлбэртэй пирамид буюу сац суваргууд барьсан нь тайлагдашгүй оньсого байсаар ирсэн. Магадгүй харь иргэншлийнхний хийсэн ажил гэсэн таамаглал хүмүүст илүү үнэмшилтэй ойр сонсогддогийг үгүйсгэхгүй гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Египетийн музейн тайлбарлагч нар “Энэ олон пирамидыг барьж байгуулахад ашигласан гэх нэг ч багаж, ядаж лоом, хүрз ч өдгөөг хүртэл олдоогүй нь бүтээн байгуулалтыг харь гаргийнхантай холбоход хүргэдэг” хэмээдэг. Пирамидуудыг бооуудаар бариулсан гэдэг таамаг байв. Гэхдээ археологийн судалгаануудаар үүнийг няцаасан. Харин энгийн иргэд, малчид, хөлсний ажилчид зуун дамнасан сүрлэг байгууламжуудыг бүтээхэд сайн дураар болон цаг үеийн шаардлага, албадлагаар оролцсоныг сүүлийн хэдэн арваны хугацаанд хийсэн малтлагуудын баримтад тулгуурлан баталсан талаар эрдэмтэд тухай бүрд нь мэдээлж байсан. Тухайлбал, Египетийн археологич Захи Хавасс, Эртний Египетийн судалгааны холбооны тэргүүн, судлаач Марк Ленерийн хамтарсан багийнхан Гизагийн өндөрлөгөөс Хейт эль-Гураб хотын туурийг 1980-аад оны сүүлээр олсон. Чухамхүү тэнд пирамидын бүтээн байгуулалтад оролцсон хэдэн мянган ажилчин төвлөрөн амьдарч байсныг 2020 он хүртэл үргэлжлүүлсэн хээрийн судалгааны олдворууд “өгүүлжээ”. Ойролцоогоор МЭӨ 2500 онд буюу өдгөөгөөс 4500 гаруй жилийн тэртээд хамаарах ваар, тогоо, зуух зэрэг олдворыг судлахад барилгын ажилчдыг чанартай хоол хүнсээр хангадгаас гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайн үзүүлдэг байсныг батлах баримт хангалттай олдсон. Түүнчлэн Египетийг мөнхлөх агуу үйлсэд оролцсон олон зуун хүнийг хааны бунхнаас холгүй оршуулснаас харахад ч энэ бүтээн байгуулалтыг боолууд гүйцэтгээгүйг баталдаг. Өөр чухал баримт гэвэл эртний Грекийн түүхч, газарзүйч, “түүхийн эцэг” хэмээдэг Геродот (МЭӨ 484-425) “Пирамидуудыг барьснаас нэлээд хожуу Египетэд боолын хөдөлмөрийн тухай ойлголт бий болсон. Тэнд боолчлол байсан нь гарцаагүй ч пирамид шиг том бүтээн байгуулалтын хэмжээнд биш, ахуй зэрэг бага хүрээн дэх хөдөлмөрийн хэлбэр. Пирамидууд нь Египетийн зохион байгуулалттай нийгмийн бүтээгдэхүүн” гэж тэмдэглэсэн нь бий
Тодруулга Өнөөгийн байдлаар Арабын Бүгд Найрамдах Египет Улсад эртний хаад, хатдын сац суварга 138 байгааг албан ёсоор бүртгэлжүүлжээ. Хэмжээгээр жижиг, эсвэл эвдэрч сүйдсэн пирамидуудын балгасыг илрүүлэн, судлах түвшинд байгаагаас үүдэн яг төд гэж нарийн хэлэх боломжгүй аж. Бүртгэлтэйгийн ихэнх нь харьцангуй сайн хадгалагдсан, цөөн хэд нь балгас болсон бөгөөд голчлон Нил мөрний баруун эрэг дагуух эртний оршуулгын газар болох Саккара, Дахшурт байрладаг. Эдгээр газрыг пирамидын бүтээн байгуулалтын хувьслыг судлах гол бааз гэдэг. Хамгийн эртний пирамид нь Жосер (III гүрний фараон, МЭӨ 2665-2645 онд захирч байсан, хамгийн анхны пирамидыг 4600 жилийн тэртээд бариулсан)-ынх. Хамгийн алдартай нь Гизагийн өндөрлөг дэх Хуфу (Хеопс (грекээр), МЭӨ 2589-2566 онд 23 жил хаанчилсан. МЭӨ 2580 онд барьсан пирамидынх нь суурийн хэмжээ 53 000 ам метр (ойролцоогоор хөлбөмбөгийн 10 талбай), өндөр нь 147 метр), Хафра (Хефрен, МЭӨ 2547-2521 онд хаанчилсан. Геродот, Диодор нарын тэмдэглэснээр 50 жил сэнтийд заларсан. Сфинксийн хөшөөний чанх урд байрлах пирамидын суурийн урт 210.5, анхны өндөр нь 143.9, өдгөө 136.4 м), Менкаура (Микеринус, МЭӨ 2514-2486 он, Хафрагийн хүү. Бунхны өндөр 66, суурийн урт нь 108.4 м)-гийн гурван пирамид. Эдгээрээс Хуфугийнхыг их пирамид хэмээн тодотгодог нь байгууламжийн хэмжээнээс үүдэлтэй. Хамгийн их судлагдаж буй, алдартай гурвыг Гизагийн гэж албан бусаар “овоглодог” бөгөөд 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ. Гиза эрт үед Мемфисийн нэгдсэн оршуулгын газар байжээ. Газар зүйн хувьд Сахарын цөлийн бүрэлдэхүүн болох, хоёр сая ам километр буюу Ливи, Египет, Суданы нутгийн тодорхой бүсийг хамардаг Ливийн цөл дэх тус газар пирамидуудыг барьснаас хойш алдаршсан. Зэрэгцэн оршдог гурван “том”-той хамт байдаг Их Сфинкс баримлыг дэлхийн хэмжээнд хамгийн эртний чулуун хөшөө дурсгалд тооцдог. Фараон Хафраг дүрсэлсэн хэмээдэг баримлын урт нь 73, өндөр нь 20 метр.
ДЭВШИЛТ ТЕХНОЛОГИЙН ХАРИУЛТ
Пирамидын бүтээн байгуулалтын талаарх энэ мэт баталгаа, баримт, таамаглал цөөнгүй. Хамгийн гол нь хэн, хэрхэн байгуулсан, өдийг хүртэлх хэдэн мянганд байгалийн хүчин зүйлс болон дайн байлдааны хөлд ажралгүй оршин тогтнож ирсэн талаар нь олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүд судалж, “мөлжиж”, нээж, илрүүлж иржээ. Хүн төрөлхтөний байгуулсан агуу бүтээн байгуулалтын нэг болох Египетийн сац суваргуудыг судлахад 1960-аад оны дунд үеэс дэвшилт технологи ашиглаж эхэлжээ. Анхны том хэмжээний төслөөр 1965-1969 онд Хафрагийн пирамидын доторхыг мюоны рентген ашиглан судалсан. Ийм аргаар судлах санаачилга гаргасан Америкийн физикч, Нобелийн шагналт Луис Альварез “Сансрын туяа дэлхийн агаар мандалтай харилцан үйлчлэлцсэнээр үүссэн энгийн бөөм болох мюонуудыг ашиглан пирамидуудыг “нэвт харах” боломжтой” гэжээ. 1969 он гэхэд пирамидын 19 орчим хувийг сканнердсан боловч зорилго тавьсан шинэ танхим зэргийг олоогүй. 2015 оноос өнөөг хүртэл “СканПирамид” төслийн хүрээнд мюоны томографи, хэт улаан туяаны термографи, гурван хэмжээстэй хосолсон сэргээх технологийн үр дүнд хэд хэдэн танхим, нууц хаалга, хоосон орон зай гэхчлэн илрүүлжээ. Жишээ нь, 2017 онд мюон сканнер ашиглан Хуфугийн пирамидын доорх 30 метр урт хоосон, хөндий оройн зайг илрүүлсэн. 2000-аад оноос техник, технологийн дэвшлийг энэ талын судалгаанд илүү өргөн ашиглах болсон. Жишээ нь, 24 жилийн өмнө 2002 онд “Times” сонин “Робот пирамидуудын нууцыг тайлна” хэмээн мэдээлж байв. Энэ нь Гизагийн их пирамидын нууцлаг гарц болох 20 см өргөн, битүүмжилсэн босоо амны дотор юу байгааг роботын тусламжтайгаар илрүүлэхээр төлөвлөсөн талаар юм. Нийтлэлд “Хатан хааны танхим хэмээдэг өрөө рүү хөтөлдөг 65 метр урт гарцаар аялж, өмнө нь нэвтэрч чадаагүй орхисон, хоёр зэсэн бариултай чулуун тагтанд хүрэх нь “төмөр хүн”-ий гол зорилго” гэжээ.
Үүнээс хойш мэргэжилтнүүд олон төрлөөр, дангаар болон хамтарсан янз бүрийн хэлбэрээр судалгаа хийсээр ирсэн бөгөөд хамгийн дуулиантай нээлтийн талаар Итали, Шотландын эрдэмтэд өнгөрсөн жилийн өдийд зарласан. Гизагийн гурван пирамидын доор L хэлбэртэй, асар том, нарийн төвөгтэй инженерийн байгууламж байгааг математикийн тооцоололд тулгуурлан, SAR буюу сансрын радарын дүрслэлийн технологийн тусламжтайгаар илрүүлжээ. “Энэ бол ер бусын аномали (өгөгдөл нь хүлээн зөвшөөрөгдсөн онолуудтай зөрчилдсөн нөхцөл байдал, логик авцалдаагүй зүйлсийг илэрхийлдэг ухагдахуун). Хафрагийн пирамидын доор 648 метр гүнд, тус бүр нь нэг километр хонгилд хоорондоо холбогдсон цилиндр хэлбэртэй найман ижил худаг шиг цогцолбороос гадна ойролцоогоор 80х80 метр хэмжээтэй хоёр танхим байна” гэж мэдээлсэн эрдэмтэд энэхүү байгууламжийг ердийн булш бунхан бус, эртний үл мэдэгдэх соёл иргэншлийн бүтээсэн өндөр технологийн цогцолбор, эсвэл эрчим хүч хуримтлуулах байгууламж хэмээн таамаглаж, судалгаагаа үргэлжлүүлж буй. Хэрэв дэвшүүлсэн санаа нь батлагдвал Египетийн пирамидуудын түүхийг бүхэлд нь өөрчлөх бөгөөд газар доорх хотын тухай эртний домгийн баталгаа болно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Мөн тус багийнхан Менкаурын пирамидын доор болон Сфинксийн бүсэд үүнтэй ижил төстэй зүйл бүртгэсэн гэдгийг мэдээлсэн. Хамтарсан багийнхан Египетийн эрх баригчдад хүсэлт гаргажээ. Сфинкс болон Хафрагийн пирамид хоорондох, газар доор байгаа босоо баганууд байгалийн гарц байх магадлалтай тул өрөмдлөггүйгээр бодит хайгуулыг “Хафра” төслийн хүрээнд хийх зорилготой. Хүсэлтэд ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй бөгөөд төлөвлөснөөр нь бол энэ онд багтан хайгуул хийх учиртай.
Ташрамд өгүүлэхэд, алдарт Захи Хавасс нарын зарим эрдэмтэн энэ нээлтэд эргэлзэж, радарын технологи ийм гүн дэх бүтцийг баталгаатай илрүүлэх боломжгүй гэж мэтгэлцэж буй. Хамтарсан багийнхны нээлтийн талаар олон нийтэд зарлахаас хэдэн сарын өмнө З.Хавасс “Пирамидын доор 9х2.1 метр хэмжээтэй хонгил илрүүлсэн” хэмээн тодорхой хүрээнд мэдээлсэн байдаг. Энэ нь “СканПирамид” төслийн ажил бөгөөд тодорхойгүй орон зай дахь дотоод бүтцийг илрүүлэхийн тулд сансрын элементар бөөмсийн урсгалыг ашиглан том объектын нягтралын бүтцийг судлах мюон томографи ашиглан илрүүлсэн гэдэг. Судлаачдын дунд энэ мэт маргаан, гадаад, дотоодын гэхчлэн хуваагдах, эсвэл эзэн улсын, орон нутгийн “уугуул” эрдэмтэдтэй хамтраагүй зэргээр маргалдаж, нэгнээ үгүйсгэх нь байсаар иржээ. Гэхдээ энэ бол тусдаа сэдэв, улс төр, санхүүжилттэй холбоотой маргаан ч дагуулдаг асуудал учраас ингээд орхиё. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд дэлхийн томоохон хэвлэлүүд “Nature рress journal of аrcheological science” сэтгүүлийн нийтлэлд тулгуурлан нэгэн шинэ нээлтийн талаар мэдээлэв. Энэ удаагийнх сац суваргуудын том хавтангуудыг хэрхэн зөөвөрлөсөн хийгээд хэдэн мянганы турш бат бөх байгаа нууцад нэвтрэх том гарц гэдгийг онцолжээ.
Хуфугийн бунхант ордыг хэрхэн барьсан нууцад нэвтрэхийн тулд философийн ухааны доктор, Испанийн хиймэл оюуны судалгаа, сургалтын тэргүүлэх төв болох Валенсиагийн политехникийн их сургуулийн судлаач Висенте Луис Розелл Ройг компьютер загварчлал гаргажээ. Энэ талаар “Эртний египетчүүд пирамидын гадна талын ирмэг дагуу налуу бус, ороомог (спираль) хэлбэртэй зам барьсан нь хүнд чулуунуудыг хүчлэхгүйгээр, богино хугацаанд зөөж, байрлуулах боломж олгосон” хэмээн тайлбарлав. Түүний загварчлал нь мюоны сканнерын үр дүнтэй нийцэж байгаа нь энэ ажил таамаг төдий зүйл биш гэдгийн баталгаа болохыг салбарынхан нь тэмдэглэжээ.
“Nature” сэтгүүлд өгүүлснээр олон сувгийн спираль налуу замын систем нь 15 тонн жинтэй, хэдэн сая чулууг ямар нэгэн тоног төхөөрөмж ашиглахгүйгээр байрлуулах ухаалаг арга. Пирамидын давхар нэмэгдэж, дээшлэх бүрт налуу замууд давхцаж байна. Энэ нь тээвэрлэлтийг хэрхэн шийдвэрлэсэн хийгээд чулуунуудыг байрлуулах хугацааг тооцоолох боломж олгосон. Судлаач Ройгийн загварчлалаас харахад чулуун блокуудыг 4-6 минут тутамд өрсөн байж болох бөгөөд дунджаар 2.3 сая чулуун хавтан бүхий бүтэн байгууламжийн гүйцэтгэлийн хугацаа 14-20 жил. Чулуу олборлох, тээвэрлэх, улирлын чанартай завсарлага зэргийг харгалзан үзвэл пирамидыг босгоход 20-27 жил зарцуулсан. Судлаачийн эл тооцоолол, тоо баримтыг олон улсын эрдэмтдийн өмнө нь хийсэн олон талт судалгааны үзүүлэлттэй харьцуулахад зарчмын зөрүүгүй. Доктор Ройг 2020 онд загварчлал гаргах санаагаа ажил хэрэг болгож эхэлсэн бөгөөд гар ноорог зургаас барилгын үйл явцыг блок бүрээр нь бүрэн хэмжээний гурван хэмжээст загварт шилжүүлжээ.
Түүний тооцоолсон нэгдсэн ирмэгийн налуу замын загварчлал нь америк, египет судлаачдын төслийн хүрээнд 2023 онд илрүүлсэнтэй тохирчээ. Тэрбээр “Системийн төв нь налуу зам өөрөө байсан. Энэ санаа тун энгийн. Давхарга бүрийг барих явцад ирмэгийн нэг хэсгийг дүүргэлгүй үлдээж, элс, шороо, банз зэргээр хучиж, 3.8 метр өргөн спираль налуу зам үүсгэсэн. Энэ нь налууг долоон градуст байлгана. Ингэснээр чарга шиг хавтан дээрх, дунджаар гурван тонн жинтэй чулуун хавтанг 24-25 хүн олсоор татах боломжтой болсон. Барилгын ажил дууссаны дараа ирмэгийн налуу замуудыг хучсанаар төгс хэлбэртэй пирамид үүссэн. Пирамидын дөрвөн гадаргуу дээр давтагдсан налуу замууд нь эцэстээ нийлж, нэг гарц болно” гэж тайлбарлажээ.
Ройгийн энэхүү симуляци (Бодит байдлыг алдагдуулахгүйгээр судлах, таамаглахад ашигладаг аргачлал) нь өмнөх судалгаануудыг нэгтгэснээрээ өндөр ач холбогдолтой. Тухайлбал, 2014 онд Амстердамын их сургуулийн физикчид пирамидын чулуунуудыг тээвэрлэж, зөөвөрлөсөн аргыг тооцоолон “Элсийг норгох нь үрэлтийг бууруулж, хүнд чулууг зөөх боломж олгосон. Чийг нь элсний ширхэгийн хооронд гүүр үүсгэж, хатуулгийг нь хоёр дахин нэмэгдүүлдэг. Эртний египетчүүд физикийн зарчмыг мэддэг, ашигладаг байсныг гэрчлэх энэ мэт болон анхдагч дамар систем, ханын зураг зэрэг баримт олон” гэж нээлтийнхээ талаар тайлбарласан. Мөн 2018 онд Ливерпүүлийн их сургууль болон Францын Дорно дахины археологийн хүрээлэнгийн судлаачид Луксорын Хатнуб (МЭӨ 2500 оны үед чулуу олборлож байсан)-ын уурхайгаас модон багана, шат бүхий налуу зам илрүүлсэн. Доктор Ройг эдгээр олдворыг өөрийн симуляцад жишээлэн оруулсан бөгөөд “Захын налууг норгож, чулуу зөөхөд модон дамар ашигласан. Пирамидын булангуудад өргөссөн замууд нь чарганы 90 градусын эргэлтийг хөнгөвчилдөг” гэж тайлбарлажээ.
Их пирамид нь 47 метр урт хонгилоор холбогдсон гурван танхимтай. Оршуулгын, хатан хааны, хааны танхимыг 2016, 2017 онд “СканПирамид” төслийн хүрээнд судалж хойд хаалга болон галерей бүхий хонгилын дээр үл мэдэгдэх оройн зай байгааг олж тогтоосон. Францын архитектор Жан-Пьер Гудин үүнийг спираль хонгилын нэг хэсэг гэж таамагласан ч зарим эрдэмтэн даац хуваарилах бүтцийн буфер болгон ашиглаж байсан хэмээн санал хуваагдсан. Тэгвэл Ройг эдгээр хоосон зайг барилгын захын налуу замын ачааллыг тэсвэрлэн, тэнцвэржүүлэх зорилготой буфер бүс гэж тооцжээ. Тэгэхээр эрт цагийн египетчүүд физик, сансрын шинжлэх ухаан төдийгүй компьютерийн инженерчлэл, хиймэл оюун ухааныг хослуулан “нууц” аргаар агуу бүтээн байгуулалт хийдэг байжээ. Гэхдээ мэдээж, өнөө цагийнх шиг хиймэл оюун, компьютерын инженерчлэл байгаагүй ч үүнийг орлох асар их мэдлэг, ухаан, туршлага байсныг пирамидууд “өгүүлсээр”. Ямартай ч өнөөг хүртэлх урт хугацаанд ганхаж, үгүй болоогүй ганц гайхамшиг болох Гизагийн их пирамид олон орны эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн хамгийн дуртай мөлжүүр юм.
“ҮЕИЙНХНЭЭСЭЭ” ТЭСЭЖ ҮЛДСЭН
Хүн төрөлхтний түүхэнд “Ертөнцийн долоон гайхамшиг” гэж тодотгосон, хүний сэтгэмж, ур чадвараар бүтсэн онцгой хийц бүхий барилга байгууламжуудын тухай өгүүлдэг. Тэдгээрийн нэг нь МЭӨ 2560 онд байгуулсан Египетийн Гизагийн их пирамид буюу фараон Хуфугийн бунхант ордон.
Тодруулга Пирамидаас гадна эллинизм (эртний Грекийн соёлын нөлөөгөөр үүссэн хандлага, үзэл баримтлал)-ийн үед Газар дундын тэнгис орчмын соёл иргэншлийн нөлөөгөөр бүтээсэн гайхамшигт архитектурын жагсаалтад Вавилоны дүүжинт цэцэрлэг (МЭӨ 600. Ирак. II Навуходоносор хаан эхнэртээ зориулан байгуулсан), Эфес дэх Артемисийн сүм (МЭӨ 550. Турк. Грекийн дарь эх Артемист зориулсан гантиг байгууламж), Олимп дахь Зевсийн хөшөө (МЭӨ 435. Грек. Зааны яс болон алтаар урласан 12 метр өндөр), Маузоллос буюу Галикарнассын бунхан (МЭӨ 351. Турк. Персийн Мавсол хаан, түүний эхнэрийн дурсгалд зориулсан. Мавзолей гэдэг үг энэ хааны нэрнээс улбаатай), Родос арлын Колоссын хөшөө (МЭӨ 292-280. Грек. Нарны бурхан Гелиосод зориулсан хүрэл хөшөө), Александрын гэрэлт цамхаг (МЭӨ III зуун. Египет. Александрия хотын усан боомтыг гэрэлтүүлэгч, эртний үеийн хамгийн өндөр барилгуудын нэг) багтдаг. Нийтийн он тооллоос өмнө хэдэн мянганы тэртээх эдгээр бүтээн байгуулалтаас Гизагийн их пирамид л өнөө цагийнхантай “уулзаж”, үүх түүхээ дэлгэсээр. Бусад нь газар хөдлөлт, түймэр болон нэр алдар олох гэсэн бурангуй этгээдийн санаатай үйлдлээр сүйдэж, үгүй болжээ. МЭ үе буюу харьцангуй сүүлд байгуулсан бүтээн байгуулалтуудыг орчин цагийн дэлхийн гайхамшиг хэмээн тодорхойлдог.
Эртний гүрнүүдийн хөгжил дэвшлийн гэрч болсон, 147 метр өндөр, 3800 гаруй жилийн турш дэлхийн хамгийн өндөр байгууламж хэмээгдсэн Гизагийн их пирамид болон түүний эргэн тойрны газарт малтлага хийх ажлыг XIX зуунд албан ёсоор эхэлжээ. Тодруулбал, 1860 онд Гизагийн оршуулгын газарт том хэмжээний малтлага хийсэн бөгөөд тэр үед Италийн аялагч, судлаач Жованни Бельцонийн багийнхан Хуфугийн сац суваргаас 200 метрийн зайд оршдог Хафрагийн пирамидыг нээжээ. Гэхдээ эл байгууламжийг үүнээс нэлээд эрт арабууд илрүүлснийг түүхч Ибн Абд аль-Салам “Хефрений пирамидыг 1372 онд нээсэн боловч эрдэнэсийн сан нь хоосон байжээ” хэмээн тэмдэглэн үлдээсэн. Ер нь Гизагийн бүх пирамид Эхний завсрын үе гэгддэг, ойролцоогоор 4000 жилийн өмнө нэлээд тоногдсон гэдэгтэй олон орны эрдэмтэд санал нийлдэг.
ХХ зууны эхэн үед гурван том пирамидыг судалсны дараа археологичид Гизагийн Баруун талбай хэмээдэг хэсгийн олон жижиг булшинд анхаарал хандуулжээ. Цаг хугацааны явцад Баруун талбай олон хэсэгт “хуваагдсан” бөгөөд тус бүрийг нь тухайн судлаачийн нэр болон судалгааны эрэмбийн дугаараар тэмдэглэсэн. Гизагийн пирамидуудыг математикийн маш нарийн тооцооллоор байгуулсан нь баримтуудаар нотлогддог бөгөөд судлаачид нууцыг нь тайлахаар олон асуулттай тулгарсаар ирсэн. Агуу Никола Тесла “Эртний Египетийн пирамидуудыг байгуулахдаа дэлхийн энергийг ашигласан” хэмээн тодорхойлсон бол пирамид судлаач, механик инженерчлэл, технологийн мэргэжилтэн Кристофер Данн “Гизагийн цахилгаан станц: Эртний Египетийн технологи” номдоо “Гизагийн өндөрлөгт хэдэн мянган жил оршин буй пирамидууд үнэндээ технологийн хувьд дэвшилт, аварга том машин, чичиргээг цахилгаан болгон хувиргадаг станц” гэж бичсэн. Тэгвэл өнгөрсөн жил танилцуулсан нээлтийн үр дүнд илрүүлсэн гэх цилиндр хэлбэртэй худгуудыг энерги, эсвэл дуу чимээ дамжуулж, генератор болгон ашигладаг гэсэн онол бас байна.
ОРЧИН ЦАГИЙН ОНОЛ БА ОЛОН МЯНГАНЫ ТЭРТЭЭХ ДАВХЦАЛ
Ерөөс Египетийн эрт цагийн пирамидуудыг судлах явцад дэлхийн эрдэмтдийн баталж, нотолсон онолуудтай яв цав таардаг зүйлсийг олон салбарын мэргэжилтнүүд онцолдог. Үүний ганц жишээ нь Хафрагийн пирамидын суурь хэсэг дэх том, дөрвөлжин, боржин чулуу. Пирамидын нүүр талын хамгийн доод хэсэгт шохойн чулуун хавтангуудын дунд тэр боржин яаж яваад орчихов. Байгууламжийг босгосны дараа хэзээ нэгэн цагт, хожуу сэргээн засварлахдаа гоёх маягаар ганц боржин чулуу “шигтгэсэн” гэж үзэх боломжгүй. Учир нь пирамидын дунд, эсвэл дээд хэсэгт бус, яг суурь буюу тулгуур бүтцийн блокуудтай хамт ямар ч өөгүй өрөгдсөн. Анхнаасаа тэр зүйлгүйгээр өрсөн гэж төсөөлөхөд суурийн геометр тооцоолол “будаа” болно. Тэгэхээр пирамидын үлдсэн хэсэгт огт ашиглаагүй материалыг суурь хэсэгт хийсэн нь ямар учиртай вэ. Мэргэжилтнүүд эл боржин чулуу нь ачааллыг дааж, массын даралтыг дахин хуваарилдаг гол элемент гэж онцолжээ.
Хафрагийн бунхныг судлах төслийн багийн гишүүн, Италийн судлаач Армандо Мэй (өнгөрсөн оны нээлтийг хийсэн багт мөн ажилласан) судалгаандаа газарт нэвтэрсэн радар болон томографийн өгөгдлийг ашигласан бөгөөд энэ нь суурийн бүтцийг харуулах боломж олгосон. Ингээд боржин чулуун блок нь санамсаргүй оруулга, эсвэл нэмэлт ажлын үлдэгдэл биш, харин асар тооцоололтой зохион бүтээсэн тогтворжуулалтын системийн нэг хэсэг, физик функц гэж дүгнэжээ. Боржин чулуун бүтэц болон түүнийг ашиглах зарчмыг геологийн хувьд стрессийн түвшин өндөртэй бүс нутаг дахь бүтээн байгуулалтад түлхүү ашигладаг. Жишээ нь Перугийн Саксайхуаман, Ливаны Баалбек хотод байдаг эртний мегалитик инженерчлэл бүхий хөшөө дурсгалууд. Хэдэн мянган километр далайгаар тусгаарлагдсан боловч гол цэгүүд дэх барилгууд ажрахгүй оршин байсаар. Энэхүү ижил төстэй байдлыг, ялангуяа соёл, эрин үеийн ялгааг харгалзан үзвэл энэ нь хамгийн нарийн тооцоолол. Гол асуудал нь хэдэн мянганы тэртээх хүмүүс үүнийг, тодруулбал хэдхэн зууны өмнө дэлхийн эрдэмтдийн баталсан онол, үзэгдэл, учир зүйг аль эрт 4500 жилийн тэртээд мэддэг байсан нь одоо үеийнхэнд жинхэнэ оньсого.
Учрыг нь тайлж чадахгүй зүйлээ хүмүүс оньсого, домог гэхчлэн шуугидгаас үүдэн эртний Египетийн пирамидууд, занданшуулсан шарилын талаар “хараал жатгатай, хий үзэгдэлтэй” гэхчлэн цуурдгийг шинжлэх ухаан, техник, технологи харьцангуй хурдацтай хөгжиж буй өнөө цагийнхан харин гадарлах болжээ. Үүнд эрдэмтэн, судлаачдын нөр хөдөлмөрийн үр дүн чухал нөлөөлж, “цоожтой авдар” дахь олон оньсогыг тайлсаар байна.
Э.Хана