Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцуулав. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт муу байгаа аж. Өрхийн орлого 2025 оны эцэст улсын хэмжээнд таван хувиар нэмэгджээ. Гэхдээ Улаанбаатарын нэг өрхийн орлого 2.2 хувь өссөн бол орон нутагт илүү буюу 10.5 хувь нэмэгдсэн гэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, ноос ноолуурын үнэ өссөн, орон нутагт ажиллаж буй албан хаагчдын цалингийн нэмэгдэл зэрэг нь ийм өөрчлөлт бий болгосон юм байна. Мөн өнгөрсөн оны төгсгөлд инфляц улсын хэмжээнд 7.5 хувь байсан бол энэ оны эхний улиралд 7.4 болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ он гарсаар 10 гаруй хувь өссөн. Энэ талаар Ж.Энхбаяр сайд “Мах, хүнсний ногооны үнэ болон гадаад орчны нөлөөлөлтэй холбоотойгоор шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн. Шатахуунаар дамжиж суурь зардөл өсөж байна. Улсын төсвийн орлого энэ оны эхний гурван сарын байдлаар 6.3 их наяд төгрөг байгаа. Эдийн засаг муудсан, төсвийн орлого багассан гэдэг нь үндэслэлгүй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого 2.5 хувиар өссөн” гэв. Харин тэтгэвэр, цалингийн нэмэгдлээс үүдэн зардал өсөж, тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлсөн байна. Ирэх онд эдийн засгийн бодлогыг худалдаа, үйлчилгээний салбарт хандуулах нь. Цаашид хүнсний бүтээгдэхүүний үнэ, түүнээс шалтгаалсан инфляц нэмэгдэх бодит эрсдэл байгаа тул Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч буй гэлээ.