Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 10.1, гуравдугаар сарынхаас 2.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляцын түвшин 10.1 хувьд хүрсний 5.4 нэгжийг буюу 53.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны бүлгийн өсөлт бүрдүүлжээ. Харин 8.9 хувийг тээврийн бүлгийн, 8.2-ыг нь хувцас, бөс бараа, гутлын ханшийн өсөлт эзэлсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний ханш жилд 36.5 хувиар өссөн бөгөөд эл өсөлтөд үхрийн мах 42.9, хонь, ямааных 41.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар нэмэгдсэн байна. Манай орны хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 430 орчим, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Үүнээс 238 нь импортынх бөгөөд сагсны 55.3 хувийг эзэлж буйг тус хороо тодотгов.
С.Дулам