Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоп Камптай уулзаж, үндэсний цөөнхийн боловсролын чанар, хос хэлний хөтөлбөр, сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Манай улс боловсролын багц хуулийн шинэчлэлээр үндэсний цөөнх иргэдийн эх хэл, хос хэлээр боловсрол эзэмших тухайд тусгайлан тусгасан билээ. Тухайлбал, хос хэлний хөтөлбөр, сургалтын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, үүнтэй холбоотойгоор багшлах хүний нөөцийг чадавхжуулах, хос хэлээрх сурах бичиг, сургалтын материалын хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим сургалтыг дэмжих чиглэлд талууд хамтрах гэнэ. Үүний хүрээнд цахим контентуудыг үндэсний цөөнхөд хүртээмжтэй болгох, хос хэлний сургалт зохион байгуулах багш нарыг агуулга, арга зүйн сургалтад хамруулан, туршлага солилцох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна. Дээд комиссар Кристоп Камп манай улсад ажиллах үедээ Ховд, Баян-Өлгий аймаг дахь үндэсний цөөнхийн боловсрол, сургалтын нөхцөл байдалтай танилцсан бөгөөд хос хэлний сургалтыг дэмжих, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтрахаа илэрхийлсэн аж.