Монгол Улсад орчин цагийн циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож буй. Гэвч Монголын циркийн урлагийнхан алтан манежнаасаа “хөөгдөж”, актлагдсан барилгын мухар сахин, арай ядан амь зууж байна. Өөрөөр хэлбэл, энэ урлаг эцэг, эхгүй өнчин хүүхдүүд мэт хөсөр хаягдаж, төрийн бодлогын гадна үлдсэн гэсэн үг. Дэлхийн тавцанд монгол хүний гайхамшигт ур чадвар, уян хатан байдал, зориг хатуужлыг гайхуулж, олон улсын шүүгчийг алмайруулж яваа уран бүтээлчид маань эх орондоо ирэхээрээ л ёслох манежгүй, бэлтгэл хийх заалгүй “дүрвэгсэд” болж хувирдаг. Үнэндээ тэднийг Монгол биш, дэлхий үнэлсэн хэвээр. Амьдралын наад захын хэрэгцээ, нийгмийн баталгааг нь хангаагүйн дээр зах зээлийн бодит үнэлгээг харвал тэднийг гадаад улс руу тэмүүлж буйг ч буруутгах аргагүй.
ГЭРЭЭСЭЭ “ХӨӨГДСӨН” ГИННЕСИЙН ЭЗЭД
Э.Цацрал, С.Оюун-Эрдэнэ, Э.Лхагва-Очир тэргүүтэй Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон, дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлч манайд цөөнгүй бий. Тухайлбал, “Нарны цирк”-ийн жүжигчин, уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг нь албан ёсоор тооцуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн түүхтэй. Энэ бол монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд тунхагласан гайхамшигт үзүүлбэр юм. Тэдэнд Монголдоо “Нарны цирк” шиг томоохон театр байгуулж, сурсан мэдсэнээ хойч үеийнхэндээ өвлүүлэн, эх орондоо ажиллаж, амьдрах чин хүсэл байвч, алт шиг боловсон хүчнээ бид харь улсад үнэгүй “экспортолдог” гаж тогтолцоог бий болгочхоод байна.
“ХАР ТАМГА” ДАРСАН ХУВЬЧЛАЛ БА ИХ АВАРГЫН ХООСОН АМЛАЛТ
2007 он бол Монголын циркийн урлагийн түүхэнд “хар тамга” дарсан жил байлаа. Улсын циркийг хувьчилж, менежментийн гэрээгээр “Аса консалтинг”-д шилжүүлснээс хойш циркчид гэрээсээ “хөөгдсөн”. Өдгөө тэдний алтан манеж рок попын тоглолт, и-спортын тэмцээн зохион байгуулдаг “Аса арена” хэмээх түрээсний заал, барааны зах болон хувирчээ. Сүмогийн их аварга маань үндэсний циркийг өндөрт өргөнө гэсэн “гэнэн” итгэлээр Төрийн өмчийн хорооныхон түлхүүр гардуулсныг уншигчид санаж буй нь лавтай. Гэвч менежментийн хувьчлалын үр дүнг шалгадаг төр, шаарддаг иргэний нийгмийн байгууллага байхгүйг далимдуулан “шинэ хөрөнгөтнүүд” соёлын өвийг арилжааны объект болгон хувиргав. Улмаар үндсэн “оршин суугчид” болох уран бүтээлчид нь ч гэрээсээ дүрвэж, шар нар, бор хоногийг хүйтэн зааланд арай ядан өнгөрүүлсээр байна.
Их аварга Д.Дагвадорж 2024 оны сонгуулийн өмнө “Циркийг долоодугаар сарын 7-нд нээж, 80 жилийн ойг нь нөхөн тэмдэглэнэ” хэмээн монголчуудыг сэнхрүүлж байв. “Жаахан тэвччих, би ч бас тэвчиж байна” гэх түүний үгэнд итгэсэн циркчид өнөөдөр тэвчээрийн утсаа тасартал хүлээсээр сууна. Харамсалтай нь, хувьчлалаас хойш 19 жил өнгөрөхөд циркийн барилгыг зориулалтаар нь ашигласангүй. Өөрөөр хэлбэл, Монголын циркчид тэнд ганц ч удаа тоглолтоо толилуулсангүй. Харин энэ сараас эхлэн гадаадын циркийнхэн тус манежийг түрээслэн тоглож буй. Гэтэл Монгол Улсын Консерваторийн Циркийн тэнхимийнхэн буюу олны хэлж заншсанаар циркийн сургуулийн сурагчид, залуу уран бүтээлчид өнөөдөр 80 гаруй хувь нь шатаж, актлагдсан хуучин барилгад “амь тариа” залгуулан тэсэж байна. Таазных нь шохой нурахад бэлэн, хананых нь улаан тоосго чийгт идэгдэж, хөгц үнэртсэн, идэр есийн хүйтэнд халаалтгүй, хөлдүүс болсон зооринд биеэ халаахын тулд гадуур хувцсаа давхарлан өмсөөд, хөшиж суугаа тэдний өмнөөс салбарын яамныхан ичих учиртай.
Хэзээ мөдгүй тасрахад бэлэн, бэхэлгээ гээд аюулгүй ажиллагааны ямар ч баталгаагүй ийм тарчиг нөхцөлд ердөө 80-хан сантиметрийн диаметртэй жижигхэн тавцан дээр роликтой “үхлийн үзүүлбэр”-ээ бэлдэж буй залуус бол жүжигчид биш, амь өрссөн “тулаанчид” юм. Уг нь цирк бол орон зайн урлаг гэдэг. Олон улсын жишгээр тааз нь 12-15 метр өндөр байж агаарын нисэлт хийх стандарт нөхцөл бүрддэг. Гэтэл манай жүжигчид гурван метр хүрэхгүй өндөртэй, хөлдүүс болсон зааланд бэлтгэлээ базаадаг гээд та төсөөлөөд үзээрэй.
“85 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УРЛАГИЙГ ИНГЭЖ ГАРГУУНД НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ”
Цирк бол хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд хамгийн “шударга” урлаг. Энд ямар ч засвар, фонограмм, монтаж гэж үгүй. Бүх зүйл үзэгчдийн өмнө бодитоор өрнөдөг. Канад, Франц, Хятад зэрэг оронд циркийг үндэсний брэнд, стратегийн соёл гэж үзэж, төрөөс нь харамгүй дэмждэг. Канад улс “Cirque du soleil” буюу “Нарны цирк”-ээрээ дамжуулан улсынхаа нэр хүндийг дэлхийд тамгалж, соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ олон тэрбумын ашиг олж байхад манай улс үнэт эрдэнэ мэт боловсон хүчнээ харь улсад үнэгүй “бэлэглэсээр” 20 орчим жилийг үдлээ. Бид өөрсдийн соёлын дархлаагаа хадгалах нь битгий хэл, харь улсын хөдөлмөрийн зах зээлд “бэлтгэн нийлүүлэгч” болсон.
Энэ талаар Монгол Улсын Консерваторийн Циркийн тэнхимийнхэн “Ийм орчинд дэлхийд өрсөлдөх уран бүтээлч төрж байгаа нь төрийн бодлого, тогтолцооны гавьяа биш. Монгол циркчдийн төрөлх авьяас билэг, тэсвэр хатуужил, багш нарын нөр их хөдөлмөрийн үр шим юм.
Монголын цирк уруудан доройтсон гол шалтгаан нь ерөөсөө л хувьчлалаас эхтэй гэдгийг нуух аргагүй. Улсын циркийг анхнаасаа л зориулалтаар нь ажиллуулах ёстой байсан ч яваандаа менежментийн хувьчлал гэх нэрээр халхавчлан шийдвэрийг өөрчилсөн. Улмаар үндэсний өвийг соёлын үнэт зүйл гэж харахаас илүү эдийн засгийн ашиг олох объект болгож, шуналын нүдээр харсан нь бодлогын хамгийн том алдаа байлаа. Үүний уршгаар уран бүтээлчид маань таран бутарч, бэлтгэл хийх заал ч үгүй боллоо.
Бид өнөөдөр өөрийн гэсэн орон зайгаа алдчихаад байна. Төр засаг циркийг хөгжүүлнэ гэж ам уралдан ярихаас цаашгүй. Бодит амьдралд бидний суурь асуудлыг огт шийдсэнгүй. Циркийн сургуулийн барилга хэзээ мөдгүй нурах нь. Энэ бол зөвхөн манай сургуулийн зовлон биш шүү дээ. Үндэсний хэмжээнд соёлын бодлого доройтож байгаагийн илрэл. 85 жилийн түүхтэй урлагийг ингэж хөсөр хаяж болохгүй. Бид өнөөдрийг хүртэл төрийн ямар ч анхаарал, өмөг түшиггүйгээр, зөвхөн өөрсдийнхөө зүтгэлээр л амийг нь таслахгүй тэсэж ирлээ” хэмээв.
Олимпод амжилт гаргасан тамирчиндаа орон сууцын түлхүүр гардуулж, аймаг, сумын наадмын түрүү бөхөд тэрбумаар үнэлэгдэх байр, автомашин бэлэглэдэг атлаа дэлхийн тавцанд Монголын нэрийг тамгалж буй циркчдээ хүн чинээ тоож, ажиллах наад захын нөхцөлөөр хангахгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Зөвхөн нэг жилийн наадмын нээлт, хаалтын төсвөөр циркийн сургуулийг бүхэлд нь шинэчлэх боломж уг нь бий. Гэвч хамгийн эрх бүхий албан тушаалтнуудад энэ сургуулийг өөд нь татах, ирээдүйн залгамж халааг чанартай бэлтгэх сэтгэл алга. Угтаа бидэнд санхүүгийн боломж байхгүй биш, бий шүү дээ.
70, 80-ААД ОНЫХНЫ ДУРСАМЖ БОЛООД Л ҮЛДЭХ ВИЙ
70, 80-аад оныхон циркийн цэнхэр асар луу гэр бүлээрээ, анги хамт олноороо догдлон тэмүүлдэг байснаа бахархан дурсдаг. Тэрхүү манежнаас л тэд гоо зүй, тэвчээр хатуужил, илбэ шидийн гайхамшгийг мэдэрч өссөн гэдэг. Гэтэл харамсалтай нь, орчин үеийн хүүхдүүд циркийн урлагийг амьдаар нь биш, юүтүбээс л үздэг болжээ. Угтаа бол үндэсний язгуур урлаг, дэлхийд гайхагдсан уран нугаралт, нүүдэлчин ахуйн бахархал болсон морьтны гайхамшигт үзүүлбэрүүд нь манай соёлын дархлаа байх ёстой. Гэвч бид энэхүү үнэт өвөө өөрсдийн гараар үгүй хийж, хөсөр хаяж буй нь хамгийн том эмгэнэл гэмээр.
“Цирк бол итгэл” хэмээх цагаан тугийн дор, сэтгэлийнхээ галаар өөрсдийгөө дулаацуулан суугаа уран бүтээлчид ийм тарчиг нөхцөлд дахиад хэдэн жил тэсэх вэ. Эрх баригчдад энэ доромжлолоо зогсоож, циркчдэд ядаж бэлтгэлийн ганц заал барьж өгөх өчүүхэн ч болов сэтгэл бий юү. Эсвэл бид бүх авьяастнаа гадаад орон руу “бэлэг” болгон илгээчхээд, эзэнгүй хоосон барилгынхаа өмнө “Монголчууд авьяастай” хэмээн орилсоор хоцрох уу. Ирээдүй хойч үеийнхэн маань Монголын циркийн урлагийг амьдаар нь биш, зөвхөн түүхийн номоос уншдаг, зурагтын алтан фондоос үздэг болох вий.
Э.Сүйлэн