Хойд хөршийн Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Цагаан шөнө” туухай өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын багаас Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн төгсөх дамжааны сонсогч, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), ахлагч Э.Буджав түрүүлж, тав дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь БНХАУ, Энэтхэг, Киргизстан, ОХУ-д улсад болсон ДАШТ-д оролцож, дөрвөн удаа аваргаар шалгарч, эх орондоо 10 алтан медалийг авчирч байв. Оросын үндэсний спортын нэг болох эл төрлөөр манай залуус хичээллэж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргах болсон нь түүний хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм.