Төрийн шагналт зохиолч Р.Чойномын мэндэлсний 90 насны ой энэ онд тохиож буй билээ. Үүний хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард Монголын үндэсний музейд тусгай үзэсгэлэн нээж, түүний туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг дэлгэн, олон нийтэд толилуулсан юм. Энэ үеэр түүний ял шийтгүүлсэн болон цагаатгасан тогтоолын эхний хуудсыг зурагт буулган өлгөсөн байв. Үүнээс улбаалаад цаг үеэ онож төрж чадаагүй Р.Чойном гэх хүн хар чийг, харанхуй шахам өрөөтэй шоронд хэрхэн өдрийг өнгөрүүлж байсан бол гэсэн бодол төрсөн билээ.
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэлийн 1990 онд хэвлүүлсэн “Р.Чойномд тулгасан ял” номд дурдагдаагүй зарим зүйлсийг цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Т.Баттулга гуай цуглуулснаа сурвалжлагч надад сонирхуулсныг уншигчдадаа хүргэе.
СОНИНЫ ЗАХЫН ЦААСНЫ ЖИЖИГ ӨӨДСӨН ДЭЭР ШҮЛЭГ БИЧДЭГ
Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дахь Хажуу улааны хөдөлмөрийн колонид Р.Чойном ял эдэлж байсан нь түүх, судалгааны олон баримтад бий. Тэгвэл тус хорих ангийн тоо бүртгэлд биеийн байцаалтыг нь “Овог Рэнцэн, нэр Чойням (Чойномыг Чойням хэмээн бичсэн баримт энд тэнд цөөнгүй тохиолддог). 1936 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг БорУхаа гэдэг газар Рэнцэнгийн хоёр дахь хүү болон төрсөн, ард, халх, эрэгтэй. 1950 онд бага сургуулийн дөрөвдүгээр анги төгсөж, 1953 оныг хүртэл ажил, сургуульгүй гэртээ байсан. 1953 онд Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд машины бичээч, мөн аймгийн Эвлэлийн хороонд бичиг хэрэг, кассын нярав байгаад мөнгө дутагдуулсан хэргийн учир 1955 онд нэг жилийн хорих ялаар Хэнтий аймгийн шүүхээр шийтгүүлж, 1956 онд суллагдсан.
1956 оны есдүгээр сар хүртэл ажилгүй байснаа Урчуудын эвлэлийн хороонд сийлбэрч нээр орж, 1957 оны зургаадугаар сар хүртэл ажиллаж байгаад өвчний улмаас чөлөөлөгдсөн. Төв музей, Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг зэрэг газар зурагчнаар ажиллаж байснаа 1967 онд халагдаж, 1969 он хүртэл ажилгүй байсан. Цэргийн албанд яваагүй, гавьяа шагналгүй, ам бүл нэг. Тусгай мэргэжилгүй, ясны сүрьеэ өвчтэй, 1957-1965 онд “Хүн” роман, “Залуу нас”, “Алтай”, “Тэнгис” зэрэг найраглал бичиж хэвлүүлсэн ба дууны үг, шүлэг нэлээдийг зохион хэвлүүлжээ.
Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1970 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хоёр тоот таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 49-ийн “А”-д зааснаар Рэнцэн овогтой Чойням нь дөрвөн жилээр чанга дэглэмтэй колонид хоригдох ялаар шийтгүүлж, одоо Хажуу улааны чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ял эдэлж байна” хэмээн бичсэн байв.
Цааш нь “Хэрэг холбогдлын талаар” гэх хэсэгт дараах байдлаар тэмдэглэн үлдээжээ.
“Хэргийн этгээд Р.Чойням нь 1956 оноос эхлэн нам төрийн эсрэг хандсан элдэв харш утгатай шүлэг, зохиолууд бичиж, уг хэрэгтээ дөрвөн жил хоригдох ялаар шийтгэгдэн хоригдож байх хугацаандаа өөрийн үйлдсэн хэргийн буруу болохыг ухамсарлан ойлгож гаргасан алдаагаа засахын оронд нийгэм, төрийн байгууламжийн буруу үйл ажиллагаанаас болсон юм шиг үзэн, чалчин цуурдгийн гадна бусдаас нуун, гажуу буруу үзэл санаатай “Миний үзсэн хорвоо”, “Гөлөг” зэрэг тууж, “Нэргүй нэгэн бүсгүйд”, “Ах минь битгий уйл”, “Нүцгэн хүүхэн”, “Охид та нарт” гэх зэрэг шүлэг бичиж, бололцоо гарвал хоригдлуудад уншиж өгөх зэргээр сурталчлах ажил хийдэг” гэсэн байх юм.
Хорих ангид хянагч, төлөөлөгч нар Р.Чойномын талаар мэдээ, мэдээлэл цуглуулан, бүртгэл хөтөлдөг байсны илрэл нь энэ аж. Түүнд нь “Р.Чойням нэлээд буурьтай, чухам санаа нь ил харагдахааргүй холын бодолтой хүн бололтой. Ямар нэг юмыг харчхаад дотроо инээсээр үг эвлүүлэн суухаас ил хэлэхээргүй хүн юм.
Зохиол хэвлэгдэх нь багагүй хугацаагаар саатахад гомдох, юмны мууг харах, үгүйсгэх үзэл нь асаж, сүүлдээ архинд хөлчүүрдэг бололтой. Хамт хоригдогсод нэрд гарсан зохиолч гэж үзэн бүх бололцоогоороо тусламж үзүүлэх эрмэлзэлтэй байдаг ба жаахан удаад байр суурь олбол түшмэд зантай дээрэлхүү үзэлтэй байж магадгүй байна. 1970.4.28” хэмээн тэмдэглэжээ.
Түүний дараа 1970 оны тавдугаар сарын 29-ний тэмдэглэлд “Чойням ажлынхаа чөлөө заваар хүнгүй үед шүлгийн түүвэр хийж байгаагаас гадна зургийн дэвтэр дээр нүцгэн хүүхнүүдийн зураг зурах, сонины захын цаасны жижиг өөдсөн дээр балан харандаагаар бичсэн шүлгийн бадгуудыг одоогийнхоо шүлэг бичиж байгаа зузаан хүрэн дэвтэр дээр хуулан бичдэг бөгөөд эдгээр зүйл нь нэргүй хэсэг бадгууд байдаг. Одоогийн энэ бичиж байгаа шүлгүүдийг ирээдүйн зохиолын түүхий эд болгон ашиглах зорилготой гэнэ. Р.Чойнямаас хоригдол Жадамба, Юра нар шүлэг бичих зөвлөгөө авдаг бөгөөд хоригдол Юндэн, Бихарваа, Д.Юра, Д.Жадамба нар ойр дотно байна” гэжээ.
Үүнээс сарын дараа буюу 1970 оны зургаадугаар сарын 27-ны тэмдэглэлд “Р.Чойном өөрийн амьдралыг түүхчилсэн байдлаар “Миний үзсэн хорвоо” хэмээх роман бичиж байгаад “Есөн зоос” хэмээх номынхоо тэргүүн дэвтрийг бичээд бараг дөхөж байна. Энэ зохиолдоо амьд явахаас үхсэн нь дээр гэсэн санаа оруулжээ. Үүнийгээ Хэнтий аймгийн сонины газарт хийсэн хөх хавтастай зузаан дэвтэр дээр бичиж, уг дэвтэр дуусах дөхсөн учир залган бичих дэвтрийг нь хоригдол Цэрэнд хэмжээ өгч, хийлгэж байна” хэмээн дурдсан байлаа .
УЛС ТӨРИЙН ХЭРЭГТ МАГАДЛАН ГЭЖ БАЙХ БИШ
1970 оны долоодугаар сарын 17-нд хорихын хянагч, төлөөлөгчдийн тэмдэглэлд “Р.Чойням нь улс төрийн хэрэгт магадлал гэж байх биш, ажил хийсэн ч, байсан ч ялгаагүй. Ажил хийх хүсэл байвч бие өвчтэй болохоор яагаад ч нэмэргүй. Шоронд байх хугацаандаа нэлээд хэдэн шүлэгтэй болох санаатай гэж ярьдаг.
Одоогоор “Есөн зоос” романаа бичиж байна. Долоодугаар сарын 16-нд Энхтуяад гэсэн хаягтай захидал бичсэн. Энэ нь шүлэглэсэн, маш ноцтой утгаар нэлээд эвгүй зүйл бичиж байх шиг байна. Нэг мөрөнд нь
...Мөрөөддөг ч үгүй, итгэдэг ч үгүй
Мөхөс дорой ажлын мал
Нам нийгэмд хэрэгтэй юм байлгүй
Намайг тийм бол гэж шаардаж байна...
Үүнийг нимгэн дэвтэр дээр ноороглож бич сэн байсан. Цогтсайханы хүүхнээр явуулсан байж магадгүй” гэжээ.
үнээс 10 хоногийн дараах тэмдэглэлд нь “Р.Чойням “Есөн зоос” номынхоо нэгдүгээр дэвтрийг бичиж дуусгаад, хоёрдугаар дэвтрийг “Говь нутаг” нэртэйгээр эхэлжээ. Нэгдүгээр дэвтэртээ өөрийн бага насыг дурсан мэргэдийн төлгөөр жирийн хүн биш, учиртай хүн төрсөн тухай дүрслэн жинхэнэ замаараа яваагүйдээ харамссан санаа оруулж, ямба хэргэмээр хүний үрийг говьд авч ирж хориод, эцэст нь дүүжилж үхсэн гэж Чойрт сумын дарга байсан хүний гэр бүл өөрөө өөрийгөө хороож байгаа жишээгээр оруулжээ. Хоёрдугаар дэвтэртээ одоогийнхоо амьдралыг бичихдээ үзэл санаа хэв хэмжээ нь тодорч магадгүй. Сүүлийн үед Цогтсайханы хэвтэж байгаа өрөөнд ажлаа явуулж, зарим үед тэнд бүтэн шөнөөр байх явдал үзэгдэж байна. Мөн Р.Чойням “Нэргүй нэгэн бүсгүйд”, “Ах минь битгий уйл” шүлэг, “Нүцгэн хүүхэн”, “Вам девушка” (Охид та нарт) гэсэн найраглал оросоор гарчиглан одоо дуусаагүй байна” хэмээн нэмж тодотгосон аж.
“Р.Чойнямтай уулзахаар Цэнд-Аюуш гэгч ирсэн. Чойням Цэнд-Аюушаас “Орхисон юм яасан бэ” гэж асуухад “Найз нь аргалчихсан” гэж хариулсан. Тэр нь зохиол бүтээлийн тухай ярьж байгаа нь илт байлаа. 1970.08.14” гэж дараачийн тэмдэглэлд дурджээ. Түүний дараа “Хоригдол Р.Чойням нь Үйлдвэр комбинатын Соёлын ордны жүжигчин Цэнд-Аюушаар Улаанбаатар хотод байдаг Нина гэдэг хүүхэнд захидал, зохиолчдын хорооны дарга С.Удвалд өргөдөл тус тус явууллаа. 1970.08.27” гэсэн байна.
Үүнээс гурав хоногийн дараах 1970 оны наймдугаар сарын 30-ны тэмдэглэлд “Р.Чойням сүүлийн үед “Халх гол” гэдэг найраглал би чиж байгаа бөгөөд саяхан эргэлтээр ирсэн Улаанбаатар хотын Ажилчны соёлын ордны жүжигчин Цэнд-Аюуш нь Чойнямд “Гөлөг” нэртэй тууж авчирч өгчээ. Чойнямын шүлэг зохиолууд нь МУИС-ийн утга зохиолын хоёрдугаар курсэд суралцаж байгаад эмчийн магадлагаагаар нэг жилийн хугацаагаар чөлөө авсан Догсүрэн, мөн хуучин сууж байсан хүүхэн Нина нарт хадгалагдаж байдаг. Чойням өөрөө ярихдаа “Нийгмийн аюулаас хамгаалах яамны нэгжлэгээр миний дэвтрүүдийг Нина өгөлгүй хагасыг нь нууж хадгалж байсан юм. Нина нь одоо Цэргийн хэвлэх үйлдвэрт ажилтай юм байна” хэмээн бичжээ.
Ш.ЦЭНДГОМБОД НАЙРАГЛАЛАА ХҮНЭЭР ДАМЖУУЛАН ИЛГЭЭВ
“Р.Чойням 1970 оны есдүгээр сарын 13-нд эргэлтээр ирсэн Хэнтий аймгийн Соёлын ордны жүжигчин Буянхишиг (нэр нь ийм юм шиг санагдана, өөр байж магадгүй) Хэнтий аймгийн Хэнтий сумд ажиллаж байгаа Шарав овогтой Цэндгомбод Ганц худгийн мөрдөнд байхдаа бичсэн “Зооринд хөлдөөсөн үгс” найраглалаа бичиж явуулсан болно. 1970.10.21” хэмээн дараагийн тэмдэглэлд дурджээ.
Үүнээс хойш ямар нэг бичиглэл хөтлөөгүй юү, эсвэл алга болсон уу, 1971 оны хоёрдугаар сарын 19-нөөр огноолсон “Чойням ярихдаа “Намайг суллагдсаны дараа хотод суулгахгүй байх. Хөдөө хөөвөл Баян-Өлгий явья гэж гуйна” гэж байна” хэмээн тэмдэглэлд дурджээ.
Дараа сарынх нь 11-ний тэмдэглэлд “Чойням 1969 онд хэл бичиг, утга зохиолын оюутан Чулуунбазартай ах дүү бололцож, тэр нь сургуулиа төгсөн одоо Дорноговь аймгийн Зүүнбаян хотод багшилж байна. Чулуунбазараас “Ирж уулзана” гэсэн захиа ирснийг үзээд хоригдох үедээ бичсэн “Даланжаргалан”, “Гөлөг”, “Хар цэцэг” туужийнхаа нооргийг өгч явуулна гэж ярьж байна” гэсэн байв.
Дээрхээс зургаа хоногийн дараа “Чойням нь 1964 онд Налайхын уурхайд ажилтай Лхагва гэдэг хүүхэнтэй сууж байгаад салахдаа шүлэг бичсэн зузаан дэвтрээ тэр эмэгтэйд алдаад, олж авч чадаагүй. Мөн Нина гэдэг хүүхнээс салахдаа сүүлийн жилүүдэд бичсэн бүх гар бичмэл, багадаа унаж өссөн саарал үрээ мориороо гол баатар болгон бичсэн тууж, Хэнтий аймгийн тухай бүрэн хэмжээний найраглал зэргээ авч чадаагүй. Нинагаас хоёр удаа гуйгаад өгөөгүй. Нина хүүхэн миний номыг хүний нэрээр ашиглаж чадах хүн гэж ярилаа” гэжээ.
“Р.Чойням “Зооринд хөлдөөсөн үгс” гэдэг шүлгээ хоригдол Цогтсайханыг суллагдахад тэмдэглэлийн дэвтэрт нь бичиж өгөөд явуулжээ. 1971.04.10” гэсэн бичвэр ч байх юм.
Р.Чойням 1971 оны арванхоёрдугаар сард эхийнхээ тухай шүлэг бичсэн байх бөгөөд “Диваажин” гэдэг шүлэг нь нэгжлэгээр хоригдол Санжаагаас гарчээ.