Монголчууд бид эртнээс тэнгэрийн өнгийг шинжиж, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдарч ирсэн ард түмэн. Хаврын салхины аясаар зуншлага ямар болохыг урьдчилан тааварлаж, үүлний нүүдлээр цаг агаарын аясыг танин мэддэг нарийн ухаан нүүдэлчдийн амьдралын салшгүй нэг хэсэг байв. Гэвч бидний сэтгэлд хэзээний танил дотно салхи сүүлийн жилүүдэд “зан”-гаа хувиргаж, байгаль эх хэний ч тааварлаагүйгээр хилэгнэн уурсах боллоо. Өглөө босоход цэлмэг байсан тэнгэр хэдхэн минутын дотор улаан шороогоор “туйлж”, өдөр нь зун шиг халуун атлаа оройдоо хүйт даан жихүүцүүлэх нь энгийн үзэгдэл болов. Үүнийг зөвхөн “Манай орон эрс тэс уур амьсгалтай” хэмээн хаацайлаад өнгөрөх аргагүй болсон нь харамсалтай. Учир нь байгалийн араншингийн энэхүү эрс өөрчлөлт өнөөдөр иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаас гадна үндэсний аюулгүй байдалд хүртэл их, бага гэлтгүй хохирол учруулж эхлэв.
Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт ч сүүлийн жилүүдэд хүчтэй салхи, шар шороон шуурганы давтамж эрс нэмэгдэж, аюулт үзэгдэл тохиох болсон. Та шалтгаангүйгээр хуурай ханиалгаж, хоолой тань үргэлж аргаж байна уу. Тэгвэл энэ нь агаар дахь нүдэнд үл үзэгдэх нарийн тоос бидний хамрын салст, гуурсан хоолойг “зүлгүүр” мэт үрж, амьсгалах орон зайг бөглөж буйтай холбоотой аж. Хамгийн аюултай нь PM2.5 хэмээх бичил тоосонцор уушгиар дамжин цусанд нэвтэрч, судасны ханыг гэмтээснээр зүрх дэлсэх, толгой өвдөх, цаашлаад судас нарийсах үндсэн шалтгаан болдог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж их үед зүрхний шигдээс, тархины цус харвалт, амьсгалын замын өвчлөлийн эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг аж. Харин Азийн хөгжлийн банкны судалгаанд Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой өвчний улмаас жил бүр олон мянган хүн цагаасаа эрт нас барж буйг онцолжээ.
САЛХИ ШИРҮҮСЭХИЙН ХЭРЭЭР БИДНИЙ АМЬДРАХ ОРЧИН ХУМИГДАВ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хү рээлэнгийн тайланд дурдсанаар 2025 онд улсын хэмжээнд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл 73 удаа бүртгэгдэж, 4.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулжээ. Энэ бол зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэх хохирол бөгөөд үүний цаана барилга, байгууламжийн эвдрэл, бэлчээрийн доройтол зэрэг нөхөж баршгүй их гарз бий.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар байгаль эх ийнхүү хилэгнэх болсон гол шалтгаан нь дэлхийн дулаарал, цөлжилт аж. Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас бараг хоёр дахин хурдан дулаарч буй үзүүлэлт юм. Температур ийнхүү өсөхийн хэрээр агаар мандлын даралтын зөрүү эрчимжиж, улмаар хүчтэй салхи, шороон шуурганы давтамж нэмэгдэх үндсэн нөхцөл болдог аж.
Дэлхийн банк болон Монголбанкны хамтарсан тайланд дурдсанаар 1960-аад оноос хойш элсэн шуургатай өдрийн тоо гурав дахин нэмэгдэж, говийн бүсэд жилд дунджаар 30-60 хоног шороон шуурга тасралтгүй үргэлжлэх болжээ. Салбарын яамны мэдээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн нь экологийн тэнцвэрт байдал төдийгүй иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг эрс доройтуулж байна. Түүнчлэн хүчтэй салхи хөрсний шим тэжээлийг хуу хаман оддог нь тариалангийн талбай, бэлчээрийг аажмаар “цусгүй” болгодог. Нэгэнт шим тэжээлээ алдсан хөрсөн дээр ургамал ургах боломж багасаж, бэлчээрийн гарц муудна. Ингэснээр малын тарга хүч муудаж, зуд, гангийн эрсдэл улам нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, энэ нь нүүдэлчдийн ахуй амьдралыг үндэс сууриар нь ганхуулж буй хамгийн том сорилт болоод байна.
Энэхүү экологийн доройтлыг мөсөн голуудын хайлалт улам хурдасгажээ. 1990-ээд оноос хойш Монгол орны мөсөн голуудын тал хувь нь хайлж, гадаргын усны тооллогоор 1200 орчим гол горхи, 2000 гаруй булаг шанд, 1100 орчим нуур тойром ширгэсэн нь байгаль дэлхийн “судас” тасрахтай ижил нөхөж баршгүй гарз юм. Температур нэмэгдэхийн хэрээр усны нөөц багасаж, улмаар хөрсний чийг буурч, ургамлын гарц муудаж, цөлжилт улам бүр газар авч байна. Энэ бүхэн нүүдэлчин ахуйг “хавчиж”, зундаа гантай, өвөлдөө зудтай байх хатуу мөчлөгийн давтамжийг ойртуулсаар буйг салбарын шинжээчид анхааруулсаар.
Эдгээр байгалийн гамшигт үзэгдлүүдийн хамгийн том үр дагавар нь хүн амын шилжилт хөдөлгөөн юм. Сүүлийн жилүүдэд ган, зуд, хүчтэй шуурганы улмаас мал сүргээ алдсан олон мянган өрх амьдрахын эрхэнд хот суурин газар бараадах болов. Олон улсын түвшинд үүнийг “уур амьсгалын дүрвэгсэд” хэмээн тодорхойлдог бөгөөд тэд бол байгалийн давагдашгүй хү чин зүйлийн улмаас арга буюу нүүдэл хийж буй иргэд юм.
ДЭМБ болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын 2024 оны тайланд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэгсдийн тоо 2050 он гэхэд 1.2 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Харин манай улсын хувьд жилд дунджаар 40-50 мянган иргэн орон нутгаас нийслэл рүү албан ёсоор шилжин суурьшиж буй бөгөөд үүний 25-30 хувийг байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу ган, зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчид эзлэх болжээ. Өөрөөр хэлбэл, жилд 13-15 мянган хүн байгалийн гамшгийн улмаас арга буюу хот бараадаж байгаа юм.
Энэхүү шилжилт нь Улаанбаатар хотын хэт төвлөрөл, агаарын бохирдол, хөрсний доройтол зэрэг нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудалд “хувь нэмэр” оруулж буй. Нүүдэлчин ахуйн суурь болсон бэлчээрийн мал аж ахуй байгалийн хатуу сорилтын өмнө хүчин мөхөстөж эхэлсэн нь цаашлаад үндэсний аюулгүй байдал, соёлын өв уламжлалд ч бодит заналхийлэл дагуулж байгааг анхаарах цаг болжээ.
УЛС ОРНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ ЗАНАЛХИЙЛДЭГ
Шороон шуурганы нарийн ширхэгт тоосонцор нь хүний цусанд нэвтэрч, уушги болон зүрх, судасны өвчлөлийг өдөөдөг “чимээгүй алуурчин” болон хувирчээ. Хиймэл дагуулын мэдээллээр Зүүн Азийн шар шороон шуурганы 60-70 хувь нь зөвхөн Монголын өмнөд бүсээс гаралтай аж. Энэ нь БНХАУ, Солонгос, Япон хүртэл үргэлжилж, бүс нутгийн хэмжээнд экологийн заналт “дайсан” болж буйг олон улсын судалгаанууд батлан харуулсаар байна.
Шороон шуурганы аюул зөвхөн байгаль орч ны асуудлаар хязгаарлагдахаа больж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Монголбанкны 2025 оны Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдсанаар банкны систем дэх нийт зээлийн 28 хувь буюу 7.6 их наяд төгрөг нь уур амьсгалын эрсдэлд өндөр өртөмтгий салбаруудад төвлөрчээ. Мал аж ахуй, газар тариалангийн салбар байгалийн гамшигт өртөх тусам зээлдэгчдийн төлбөрийн чадвар муудаж, улмаар банкны системд “чанаргүй зээл”-ийн дарамт үүсгэх эрсдэл нүүрлээд буй аж.
Нөгөө талаас Монгол Улс нэгж ДНБ-д ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд дээгүүр жагсаж байна. Энэ нь олон улсын “ногоон эдийн засаг”-т шилжих бодлогын хү рээнд Монголын экспорт, үйлдвэрлэлд нэмэлт дарамт учруулах эрсдэлтэй. Ялангуяа Европын холбооны нүүрстөрөгчийн татварын зохицуулалт (CBAM) зэрэг шинэ бодлогууд нь өндөр ялгаруулалттай орнуудын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг шууд боомилох сөрөг үр дагавартай гэнэ.
БАЙГАЛЬТАЙГАА ДАСАН ЗОХИЦОЖ, ИЛҮҮ ИХ ХАЙРЛАХ ЦАГ
“Inform-2024” эрсдэлийн индексээр Монгол Улс 191 орноос 116-д эрэмбэлэгдсэн нь гамшигт бэлэн байдлын чадавх хангалтгүй байгааг харуулж буй. Энэ нь бид байгалийн эрсдэлийг урьдчилан тооцох, дасан зохицох бодлогоо хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл.
Манай улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22-27 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч энэхүү амлалт зөвхөн цаасан дээрх тоо болон үлдэх бус, бодит хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, иргэдийн идэвхтэй оролцоотой уялдаж байж биеллээ олно. Тиймээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, усны нөөцөө хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулан, ойжуулалт хийх нь зөвхөн байгаль хамгаалалд хамааралтай төдийгүй үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсныг салбарын мэргэжилтнүүд сануулж байна.
Хамгийн чухал нь иргэн бүрийн оролцоо аж. Усаа хэмнэж, хөрсөө хамгаалан, мод тарьж, хог хаягдлаа бууруулан, эрчим хүчний зохистой хэрэглээг хэвшүүлэх зэрэг дадал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний хийж чадах энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга юм. Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зөв дадал, эрсдэлд бэлэн байх соёлыг хэвшүүлснээр гамшгаас үүдэх хохирлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэнэ.
Үндсэндээ шороон шуурга бол байгаль дэлхийн бидэнд өгч буй анхааруулга. Салхи хаашаа үлээхийг бид шийдэхгүй ч гэлээ эх дэлхийтэйгээ зохицон амьдарч, урьдчилан сэргийлж чадна. Хэрэв бид цөлжилт, дулаарал, экологийн доройтлыг үл тоомсорлосоор байвал ирээдүй хойчдоо цэлмэг хөх тэнгэр бус, элсэн шуурга, ширгэсэн гол мөрөн, үржил шимгүй хөрс л өвлүүлэн үлдээх бололтой.
Э.Сүйлэн