Торгоны зам дагуух амьдралын хэв маягийг олон зууны турш бүрдүүлж ирсэн бэлчээрийн экосистем болон нүүдлийн мал аж ахуй, бүс нутгуудын онцлогийг дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой Торгоны замын жингийн цуваа буюу The Silk road caravan түүхэн аяллыг эхлүүллээ. Аяллын албан ёсны нээлт БНТУ-ын Анталья хотноо болсон бөгөөд жингийн цуваа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын XVI бага хурлыг зохион байгуулсан Эр-Рияд хотоос хөдөлжээ.
Торгоны замын аяллын гол зорилго нь бэлчээр ашиглагч, малчид, эрдэмтэн, судлаачид, НҮБ-ын төлөөлөгчид болон түнш байгууллагууд Евразийг дамнан орших газар нутаг, соёл, байгалийн өвийн дурсгалт газрууд, нутгийн хийгээд уугуул иргэдийн хамтын нийгэмлэгүүдээр зоч лон, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой амьжиргааны сайн туршлага, түүхийг баримтжуулахад оршиж байна.
Бэлчээрийн экосистем нь дэлхийн хуурай газрын гадаргын талаас илүү хувийг хамарч, хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг. Иймд уг санаачилгаар дамжуулан жилээс жилд доройтсоор буй эмзэг экосистемийг хамгаалж, газрыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэн, анхаарал хандуулахад хувь нэмэр оруулах юм. Евразийн хэд хэдэн улсыг дамнан үргэлжлэх уг аялал нь “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо өндөрлөнө.
О.Ундрах