Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл болон зохисгүй хэрэглээнээс үүдэн Монгол Улс 2050 он гэхэд усны гүн хомсдолд орох эрсдэлтэй бүс нутгуудын жагсаалтад багтжээ. НҮБ-ын “Дэлхийн усны хөгжлийн тайлан”-д дурдсанаар дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр 2050 он гэхэд дэлхийн 5.7 тэрбум гаруй хүн усны хомсдолд орох төлөвтэй байна. Сүүлийн 100 жилд дэлхийн усны хэрэглээ зургаа дахин өссөн бөгөөд цаашид ч жил бүр нэг хувиар нэмэгдэх хандлагатайг мэргэжилтнүүд анхаарууллаа. Манай улс байгалийн цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт жагсдаг ч гадаргын урсцыг тогтоон барих далан, усан сан байхгүй, нөөцийн менежмент сул аж. Улмаар ашиглах боломжит нөөцөөрөө хамгийн бага 20 орны тоонд оржээ. Үүний зэрэгцээ хүн амын төвлөрөл, уул уурхай, үйлдвэржилт эрчимжихийн хэрээр усны бохирдол үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байна. Иймд усыг ганц удаа хэрэглээд хаях бус, дахин цэвэршүүлж үйлдвэрлэл, хот тохижилт, ногоон байгууламжийн усалгаанд нэвтрүүлэх “саарал ус”-ны технологийг 2026-2028 онд багтаан бүрэн нутагшуулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцлов.