“Маппет” болон “Улаанбаатар” театрын хамтын бүтээл “Сайн уу, Олмасс” хүүхдийн жүжгийг нээхэд бэлэн болжээ. Навчис газраар гүйлдэн, салхи хөнжилдөө дугжирна, ойд аяллаар ирсэн сурагчид буурал ойн хамгаалагч дөнгөж 500-хан нас хүрээд буй бяцхан Олмастай тааралдан, хамтдаа цас, борооны савдаг Цасханыг хайх аялалд гарна. Эл сонирхолтой жүжгийг маргааш, нөгөөдөр 11.00, 14.00, 16.00 цагаас “Улаанбаатар” театрын тайзнаас үзээрэй.
“ЛАМБУГАЙН НУЛИМС”-ЫГ ДБЭТ-ЫН ТАЙЗНАА ТОЛИЛУУЛНА
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээс сэдэвлэсэн “Ламбугайн нулимс” дуурийн 40 жилийн ойн тоглолтыг энэ бямба, ням гарагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 17.00 цагаас зохион байгуулна.
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ЦОГЦ ҮЗҮҮЛБЭРИЙГ ТОЛЬДООРОЙ
Ардын урлагийн “Хуур Магнай” чуулга уртын болон ардын дуу, морин хуурын татлага, хөөмэй, ардын хөгжмийн цөөхүүл, язгуур бий биелгээ, уран нугаралт зэргийг багтаасан үндэсний урлагийн цогц үзүүлбэрүүдээ гадаад, дотоодын үзэгчдэд зориулж энэ сарыг дуустал 18.00 цагаас Зам, тээврийн яамны “Их нүүдэл” танхимд тоглохоо мэдээллээ.
“LOVE LETTERS” ЖҮЖГИЙГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОХ НЬ
Дэлхийн 50 гаруй улсад тавигдсан, Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны эрхтэйгээр Монголд толилуулахаар боллоо. “Монгол” театрынхны бэлтгэн тавьж буй тус жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа нар тоглоно.
“ХОРИОТОЙ ЖҮЖИГ”-ТЭЙ
Нэрт сэтгүүлч, СГЗ Ц.Балдорж агсны “Хориотой жүжиг” 20 жилийн дараа тайзнаа “Балдорж” сан, “Х түц” продакшны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тоглогдож байна. “Орфей театр”, “Хэрмэл крю”-гийн хамтын бүтээл “Хориотой жүжиг” постдрамыг өнөөдөр болон бямба, ням гарагт “Zaisan hill event hall”-д толилуулна.
С.Дулам