АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийнхэн зүрхний хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Манай улсад энэ төрлийн эмчилгээ шаардлагатай 5000 гаруй өвчтөн бий бөгөөд тусламж, үйлчилгээ авахад нэг жил гаруй хугацааны хүлээгдэл үүссэн гэнэ. Тэгвэл дээрх эмнэлэгт эл тусламж, үйлчилгээг эхлүүлснээр өвчтөний хүлээгдлийг бууруулах, зайлшгүй шаардлагаар өндөр өртгөөр гадаад улсад эмчлүүлэх тохиолдлыг багасгах боломж бүрдэж буйг эмч нар онцоллоо.
Эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг БНСУ-ын Хэм судлалын нийгэмлэгээс буцалтгүй тусламжаар хандивлахын зэрэгцээ мэргэжлийн инженерүүд нь хүрэлцэн ирж, угсарч өгчээ. Тухайлбал, энэ сарын 6, 7-нд “Ионсей” эмнэлгийн эм судлалын профессор, Ази Номхон далайн хэм судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пак Хинамын удирдлага дор тус улсад суралцсан монгол эмч нар зүрхний хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээг хоёр өвчтөнд амжилттай хийсэн байна.
Манай улсад нас баралтын шалтгааны хамгийн өндөр буюу 35-45 хувийг зүрх, судасны өвчлөл эзэлдэг. Үүний дараа хорт хавдар хүн амын нас баралтын шалтгааны 20-25 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монголд нас барж буй гурван хүн тутмын 1-2 нь зүрх, судасны өвчнөөр хорвоог орхидог аж.
Ташрамд, аблацийн эмчилгээ гэдэг нь бие дэх хүсээгүй эдийг устгахын тулд дулаан, хүйтэн, эсвэл бусад энергийн эх үүсвэрийг ашигладаг эмчилгээний арга. Өөрөөр хэлбэл, зүрхний буруу цахилгаан дохио үүсгэж байгаа жижиг хэсгийг тусгай аргаар идэвхгүй болгож, хэмийг хэвийн байлгах эмчилгээ юм.
Ч.Цэлмэг