ХЭҮК-оос шүүх шинжилгээний салбарт хийсэн хяналт, шалгалтынхаа үр дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тэд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 33 нэгжид хяналт, шалгалт хийжээ.
Шүүх шинжилгээний байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, орон нутагт тулгарч буй асуудлуудын талаар ХЭҮКын гишүүн Б.Энхболд “Тус салбар жилд дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэг, 75 мянган шинжилгээ хийдэг. Үзлэг, шинжилгээг хүний бие болон эд зүйлд хийдэг тул Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй, эрүү шүүлтээс ангид байх, хувийн нууцаа хамгаалуулах, хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг нь хангах учиртай. Тиймээс мэргэжлийн албан хаагчид эрүүл ахуйн стандарт хангасан орчинд үйл ажиллагаа явуулж байж тухайн дүгнэлт эргэлзээгүй, бодитой гарна. Мөн шаардлага хангасан техник, технологи ашиглах хэрэгтэй.
Шүүх шинжилгээний байгууллагууд хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах зарчимтай. Гэтэл орон нутгийн зарим байгууллага өөрийн гэсэн байргүй, эсвэл ашиглахыг хориглосон хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, цагдаагийн газрын аль нэг өрөөнд, эсвэл орон нутгийн Тамгын газрын байранд байрлаж байгаа нь хохирогчийн эрхийг зөрчиж буй хэрэг юм. Ийм нөхцөлд иргэдийн хувийн мэдээллийг задруулах эрсдэлтэй” гэв. Орон нутагт өнгөрсөн онд л 1024 хүнд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус орчинд шинжилгээ хийжээ. Үүнээс 160 орчим нь бэлгийн маргаантай холбоотой бөгөөд насанд хүрээгүй 79 хохирогч ийм нөхцөлд үзлэгт орсон байна.
У.Сүрэн