Гадаадад зээлээр суралцсан иргэдийн гэрээний хэрэгжилт, авлагын асуудлыг нягтлан шалгах, мэдээллийн санг нэгтгэх, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Боловсролын зээлийн сангаас мэдээлэл өгөв. Тухайлбал, гадаадад зээлээр суралцсан нийт 1255 зээлдэгчтэй холбоотой 70.6 сая ам.долларын авлагыг судалж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 1255 зээлдэгчийн гэрээг дүгнэх шаардлага үүссэнийг ажлын хэсэг тогтоожээ. Харин эргэн төлөлтийн үзүүлэлт жил дараалан өсөж буй аж. Тодруулбал, 2023 онд 11.6, 2024 онд 14.5, 2025 онд 17.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төвлөрсөн байна. Харин энэ оны тавдугаар сарын 6-ны байдлаар 5.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Өнгөрсөн онд тус сангаас 17 802 суралцагчид нийт 108.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, буцалтгүй тусламж, зээл олгосон гэнэ. Мөн E-Geree систем нэвтрүүлж, дотоодын 28 мянга гаруй, гадаадын хоёр мянга орчим суралцагчийн гэрээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй аж.