Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхний үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн оролцоог дэмжих зорилготой “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” оролцооны хөтөлбөрийн гурав дахь шатны форумыг энэ сарын 14- нд зохион байгуулна. Форумын үеэр сурагчид нийгэм, гэр бүл, сургуулийн орчинд тулгамдаж буй бэрхшээлийг өөрсдийн өнцгөөс илэрхийлж, ирээдүйн хүсэл мөрөөдлөө хүүрнэсэн “Миний дуу хоолой, бидний эрх” хэмээх зураг, өгүүлэмж хосолсон номоо олон нийтэд танилцуулах аж.
“Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-аас 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хөвгүүдэд зориулан эхлүүлж байсан уг хөтөлбөр өдгөө хүүхэд бүрийн дуу хоолойг олон нийтэд түгээх тогтмол форум болон өргөжжээ. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 74, 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд хүний эрх, хувь хүний хөгжлийн агуулгаар мэдлэгээ тэлж байна. Оролцооны хөтөлбөрийн хамгийн чухал үр дүн нь хүүхдүүд өөрсдийн онцлогт тохирсон клубүүдийг байгуулж, багаар ажиллах чадварт суралцаж буй явдал юм. Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн “Өөдрөг”, сонсголын бэрхшээлтэй сурагчдын “Харагддаг дуу хоолой” тэргүүтэй дөрвөн клубийг гурав дахь жилдээ ажиллуулж байгаа аж. Одоогоор тус хөтөлбөрт нийт 70 орчим хүүхэд идэвхтэй хамрагдаж, нийгмийн амьдралд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.
У.Цэцэг