Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний дөрвөн сард 10.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны жилийн үеийнхээс 34.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортоос 6.8 тэрбум “ногоон”-ны орлого олсон бол импортод 3.6 тэрбумыг зарцуулж гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Нийт экспортын 45.2 хувийг зэсийн баяжмал бүрдүүлж, гурав орчим тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нь 2025 оныхоос уг бүтээгдэхүүний хэмжээ 37.2 хувиар, орлого 2.2 дахин өссөн үзүүлэлт боллоо.
Мөн нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээний хувьд 64 хувиар нэмэгдэн, 37.3 сая тоннд хүрсэн юм байна. Ингэснээр 2.5 сая ам.доллар олж, орлогоо жилд 43 хувиар нэмэгдүүлж чаджээ. Ер нь нийт экспортын 87.7 хувь нь зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр байв. Харин импортод зарцуулсан хөрөнгө 2025 оны 1-4 дүгээр сарынхтай ойролцоо харьцангуй тогтвортой байсан гэнэ. Импортод зарцуулдаг хөрөнгөний нэлээд хувь нь ногддог суудлын автомашины нийлүүлэлт 2025 оны мөн үеийнхээс 45 хувиар буурч, 25 820 ширхэгт хүрсэн бол ачааны 6204 автомашин худалдан авсан нь жилд 30 хувиар багассан үзүүлэлт болов. Харин нэг сая гаруй тонн шатахуун худалдан авсан нь жилд 24 хувиар өссөн дүн юм.
С.Дулам