Дундговь аймгийн ЗДТГ-аас долоон сумын нутагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эхлүүлж, бактерийн бэлдмэл тарааж байгаагаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл, бромадиолон хэмээх химийн бодисыг хээр талд “цацаж”, экосистемд “дайн” зарлаж байна гэсэн үг. Тэгвэл бидний “дайсан” хэмээн тодорхойлоод буй энэ мэрэгч үнэндээ яг ямар ач холбогдолтой вэ.
Олон улсын эрдэмтэн, судлаачид үлийн цагаан оготныг бэлчээрийн “хортон” биш, харин экосистемийн тулгуур зүйл (keystone species) болохыг хэдийн нотолсон. Тэд бол байгаль эхийн бүтээсэн “инженер” аж. Оготно нүх ухаж хөрсийг сийрэгжүүлснээр агаар, усны нэвчилтийг сайжруулж, хээрийн ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн тэдний сэндийлсэн нүх бусад олон төрлийн амьтдын гэр, орогнох байр болдог төдийгүй үнэг, хярс, элээ, бүргэд, шонхор зэрэг махчин амьтдын үндсэн идэш тэжээл болж, экосистемийн амьдралын эргэлтийг хангадаг байна. Өөрөөр хэлбэл, хордсон оготныг барьж идсэн үнэг, хярс, элээ, бүргэд, шонхор шууд хордож, үхэж үрэгдэх аюул нүүрлээд байна. Экосистемийн тэнцвэр алдагдсанаар байгалийн голомтот халдварт өвчин, тахал дэгдэх эрсдэлтэй аж. Цаашлаад хөрсөнд шингэсэн химийн хор ургамлаар дамжин малын биед, улмаар мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин бидний ширээн дээр залрахыг ч үгүйсгэх аргагүй гэнэ. Тиймээс хээр талд хор цацах нь зөвхөн оготныг устгах бус, байгаль эх дэлхийнхээ эсрэг үйлдэж буй “хорлон сүйтгэх” ажиллагаа болохыг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хээрийн биом оршин тогтнохын үндэс болсон энэ “эгэл” амьтныг адлахын оронд, асуудалд шинжлэх ухаанчаар хандахыг тэд уриаллаа.
Э.Сондор