АНУ-ын Холбооны Засгийн газарт ажилладаг нэгэн эрхэмтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Энэхүү ярилцлагаас тус улсын төрийн албан хаагчид авлига, албан тушаалын хэргээс хэрхэн ангид байдаг талаар болон бусад мэдээллийг унших болно.
-Дэлхийн бодлогыг тодорхойлдог их гүрний Холбооны Засгийн газарт монгол хүн ажилладаг гэхээр бахархалтай. Магадгүй харьд ажиллаж, амьдарч буй монголчуудаас хамгийн өндөрлөгт хүрсэн хүн та байж мэднэ. Тиймээс амжилттай яваа эх орон нэгтнээ монголчууддаа танилцуулах, санаа бодлыг нь сонсох гэсэн юм. Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Та юуны өмнө өөрийгөө танилцуулаач.
-Намайг Өсөхийн Батсайхан гэдэг. 1971 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд ХААИС-ийн Эдийн засгийн факультетэд 1989 онд элсэн орж байлаа. Сургуулиа 1993 онд дүүргэж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад 1999 онд Англи улсад магистрантурт суралцахаар эх орноосоо гарсан.
-АНУ-д хэзээ, ямар зорилгоор очиж байв?
-2001 онд эдийн засгийн чиглэлээр докторын хөтөлбөрт суралцахаар очсон юм. Англи улсын Манчестерийн их сургуульд Хөдөө аж ахуй, байгаль орчны эдийн засгийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг амжилттай хамгаалсан. Дахин суралцах хүсэлдээ хөтлөгдөн АНУ-д Хавайн их сургуульд суралцах эрхийг 2001 онд авсан.Тус сургуульд таван жил суралцаж, 2006 онд докторын (PhD) зэргээ хамгаалаад, Монголдоо ирж 10 гаруй жил ажилласан. 2017 онд тус улсад дахин очсон. Гол нь хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэх, өөрөө мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрөө арай өндрөөр үнэлүүлэх зорилготой байлаа. Ирсэн анхны жилүүдэд олдсон ажил болгоныг хийсэн. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдгийг өөрийн биеэр амссан даа. Таксины жолооч, хоол зөөгч, Амазоны бараа хүргэгч гэх мэт ажил хийж байв. Эдгээр ажлыг хийхэд өөрөө цагаа зохицуулдаг нь давуу талтай. Энэ хугацаанд би 40 000 гаруй бараа хүргэсэн. Ингэж явахдаа ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг хайсаар байсан. Эцэст нь Хавай мужийн захиргаанд худалдан авалтын мэргэжилтнээр ажилд орсноос хойш өнөөг хүртэл энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Монголд Мянганы сорилтын сангийн Худалдан авах ажиллагааны газрын захирал байсан маань энэ чиглэлээр ажиллахад ихээхэн дөхөм болсон.
-Та Холбооны Засгийн газарт ямар алба хашдаг вэ, ажиллаад удаж байна уу?
-Холбооны Засгийн газарт худалдан авалтын мэргэжилтнээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Манай байгууллага Холбооны Засгийн газар дотроо Батлан хамгаалах яаманд харьяалагддаг. Би цэргийн бус, энгийн орон тоонд ажилладаг. Хүний зорьсондоо хүрэх зам хэзээ ч дардан, амар хялбар байдаггүй. Би багын дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөмтгий хүү байсан. Ер нь мөрөөдөж явсаар энд ирсэн гэж хэлж болно. Төрсөн, өссөн нутаг маань хөдөөгийн буйд газар ч сайн багш нарын буянаар өдий зэрэгтэй явж байна. Манай ангийн багш, гавьяат Ч.Нямсүрэн математик заадаг байлаа. Тэр хүнээр эрдмийн их аяны суурийг тавиулсандаа баярлаж, бахархаж явдаг. Миний зам мөрийг багш минь тавьсан. Тэр хүний олгосон ур чадвар, эзэмшүүлсэн суралцах арга барил, өгсөн урам зориг, суурь мэдлэгээр ХААИС-ийг улаан дипломтой төгсөж, улмаар АНУ-д докторын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалснаар доош унагахгүй, дээрээс чангаадаг шүхэртэй юм шиг л болсон.
-Холбооны Засгийн газарт хэн дуртай нь ороод ажиллачихдаггүй байх, тэр тусмаа гадаадын иргэн. Шалгуур өндөр нь мэдээж. Та өөрийгөө хэрхэн бэлдэв?
-Холбооны Засгийн газарт ажилд ороход тийм ч амар биш, өрсөлдөөн ихтэй. Ялангуяа, төрөлх хэлээрээ ярьдаг, эх орондоо амьдарч буй америк хүмүүстэй өрсөлдөхөд над шиг гадаадын хүнд бэрхшээл зөндөө. Түрүүн дурдсанчлан Монголд болоод Хавай мужийн захиргаанд худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан маань тодорхой шалгууруудыг хангахад дөхөм болж, ядаж л анкетаа өгөх эрх үүссэн. Доктор гэдэг шүхэртэй болсон гэж хэлсэн нь энэ. Ярилцлагад маш сайн бэлтгэх учиртай. Гүүглээс ийм төрлийн ажлын асуултуудыг олж, тохирсон хариултуудыг бэлтгэж, өөрөө хариултуудаа бэлтгэх нь их үр дүнтэй байдаг юм билээ. Мөн асуултуудад хариулах аргачлалыг маш сайн эзэмших хэрэгтэй. Жишээ нь, таны сул тал юу вэ гэж асуухад, өөрийнхөө талаар сөрөг мэдээлэл хэлээд сууж байж болохгүй. Харин давуу талаа сөрөг тал болгож ярих арга байж болдог. Жишээлбэл, би аливааг товлосон цаг тухайд нь хийж дуусгадаг арга барилтай маань миний давуу тал. Би ийм төрлийн хүн болохоор хамт ажилладаг хүмүүсээ хааяа шахдаг гэж хэлж болно. Ингэснээр та ажлын төлөө хүн гэдэг нь харагдаж байх ёстой. Манай байгууллагын бүхий л ажил миний ажил гэж би үздэг. Иймд хамтран ажилладаг хүмүүстээ гар сунган туслахыг хичээдэг. Энэ маань зарим үед буруугаар ойлгогдсон тохиолдол байсан. Энэ миний ажил, би өөрөө л хийнэ. Харин тэр чиний ажил, чи өөрийнхөө ажлыг хий гэдэг хандлага надад байхгүй гэдэг эерэг талыг давхар илэрхийлж чадна. Өөрөөр хэлбэл, таны сөрөг тал ярилцлага авч байгаа хүнд цаагуураа эерэг бодлоо төрүүлж байвал та оноо аваад л байна гэсэн үг.
-Хамтран ажиллагсад тань тантай ямар харилцаатай байдаг вэ. Энэ хүн бол гадаадын иргэн гэсэн байдал ажиглагддаг уу?
-Америк бол олон үндэстний орон учраас төдийлөн гадуурхдаггүй, гадаадын хүн гэдэг хандлага гаргадаггүй. Гэхдээ хувь хүний хандлага ямар байна вэ гэдгээс ихээхэн хамаарна. Ялихгүй зүйлийг өлгөж аваад эмзэглээд байдаг бол асуудлууд дор дороосоо ундраад байх нь мэдээж. Хэт их ингэж явбал хамгийн сүүлд өөрөө л хохирогч болно. Ийм байдал руу өөрийгөө оруулахгүйн тулд ажиллаж, амьдарч байгаа орныхоо ёс заншил, хүмүүсийн хандлагыг ойлгох нь чухал. Ингэвэл ойлголцоход хялбар. Мөн аль болохоор нээлттэй байвал сайн. Ер нь тэгээд өөрийгөө өөрөөсөө болж хүнд байдалд оруулахгүй байх нь л чухал. “Тэр өөрийгөө л ийм байдалд оруулаад байгаа” гэж америкчууд ярьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чи эерэг хандлагатай байвал хаана ч ажиллаад байж болно гэсэн үг. Иймд хандлага маш чухал.
-Таны зорилго энэ хүрээд зогсохгүй байх, нууц биш бол зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Түрүүн хэлсэн дээ. Би багын мөрөөдөмтгий хүүхэд байсан гэж. Мөрөөдлөөрөө бол зорьсон цэгтээ арай хүрээгүй явна. Гэхдээ биелэх, биелэхгүйг нь мэдэхгүй байж дэлгэж ярих нь зохимжгүй байх.
-Та одоо тус улсын иргэншил авсан байх. Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар ямар бодолтой байна вэ. Гадаад улсын иргэншил авсан ч монгол хүний зүрхэнд эх орон, нутаг ус, ижий, аав нь уяатай явдаг шүү дээ.
-Америк улс иргэдээ давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөг. Хэдийгээр Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй ч өөр орны иргэншил авсан бол Монгол Улсын иргэншлээс татгалзахыг шаарддаггүй гэж би ойлгосон. Ер нь хамгийн үнэтэй капитал болох уугуул монгол хүнээ явуулаад байх бодлогыг нэн тэргүүнд тавьдаггүй байх аа. Манайх хоёр том гүрний дунд оршдог тул давхар иргэншлийг зөвшөөрөхгүй байх олон шалтгаан байдаг биз. Гэхдээ давхар иргэншилд ялгавартай хандаж, уугуул монгол хүмүүсээ хадгалж үлдэх бодлогоо үргэлжлүүлээсэй л гэж би бодож явдаг.
Хүн өөрийн төрсөн, өссөн нутгаараа л бүх зүйлийг баримжаалж явдаг юм билээ. Энд би долоон майл (ойролцоогоор 10 км) газар явахад аль хэр хол вэ гэдгийг төсөөлөхдөө манай сумын төвөөс Зүлэгтийн гүүр орох дайны газар юм байна даа гэх мэтээр дандаа Тариалан сумын нутгаараа газрын баримжааг төсөөлдөг. Өөрөөр төсөөлж чаддаггүй. Эх орон, өссөн, төрсөн нутаг хүний сэтгэлээс гардаггүй, эрхэм зүйл юм даа.
-Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирэв. Монголд юу өөрчлөгдөж вэ, хөгжиж байна уу, үгүй юу гэдэг нь гаднаас ирсэн хүмүүст илүү тод харагддаг болов уу?
-Олон жил амжихгүй явсаар энэ жилийн Цагаан сараар эх орондоо очиж, шинэ сарыг өнгөрүүллээ. Сайхан байсан. Дандаа зун, амрах гэж очдог бол өвлийн улиралд бас өөр өнгө төрхтэй байсан шүү.
Барилга байгууламжийг харахад хөгжөөд байгаа нь илт. Гэхдээ энэ бол гадна талаасаа харагдаж байгаа хэлбэрийн илэрхийлэл. Яг гүн рүү ороод хүмүүсийн амьдрал ямар байна вэ гээд хаалгаар нь шагайвал арай өөр дүрслэл буухаар санагдсан. Хүмүүс амьдрал хүндэрч байна гэдэг ч машин тэрэг, барилга байшингийн илэрхийлэл түүнийг бататгахгүй байна. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхлээр хүмүүсийн амьжиргаанд ихээ хол ялгаа гарчээ. Хэрэв амьдрал муудаад байгаа бол тэр их барилга байшин, машин унааны эзэд хэн юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарна. Монгол орны хөгжлийн тухай асуудал өөрөө их том сэдэв л дээ.
-Та эх орныхоо тухай мэдээллийг байнга авдаг уу?
-Өнөөдөр сошиал медиа хөгжсөн эринд бид амьдарч байгаа тул мэдээлэл авахад хүндрэлгүй болжээ. Хорь гаруй жилийн өмнө Америкт оюутан байхад эх орныхоо талаар мэдээлэл авах боломж бага байсан. Явуулын хүмүүсээс л мэдээлэл авдаг байлаа. Ар гэртэйгээ ч холбогдоход хэцүү байв шүү дээ. Утасны карт авч ярьдаг, тэр нь дороо дуусчихдаг, ярихаасаа илүү холболтын чанар муу тул сонсогдохгүй “байна уу, байна уу” гэсээр байгаад картны маань мөнгө дуусчихдаг. Нэг үе өдөр тутмын сонин онлайнаар захиалж уншдаг байсан. Одоо өөрчлөгджээ. Мэдээний олон сайт, радио, зурагтын суваг гээд байхгүй юмгүй болж. Мэдээлэл авахад хялбар болсон.
-Бидэнд алдаа, оноо байгаа нь мэдээж. Үүнийгээ ингээд хийчихэж болдоггүй юм байх даа гэх бодол, шаналал байдаг уу. Өнөөгийн Монгол Улсын улс төр, эдийн засаг, хүний эрх, хуулийн тогтолцоо, авлига гээд. Ялангуяа, Монголд төрийн худалдан авах ажиллагаанд авлига хамгийн их байдаг. Та энэ салбарт ажилладаг, Америкт төрийн албан хаагчдаа авлигаас хэрхэн ангид байлгадаг вэ?
-Тийм бодол байлгүй яах вэ. Улс төр энэ тэрийг ч хөндөхөө больё. Улаанбаатар хотын хамгийн гол асуудал түгжрэл, утаа, тэдгээртэй уялдаад агаарын болон хөрсний бохирдол дээд цэгтээ тулж, хүний амьдрах эрх ихээхэн зөрчигдөөд байна уу даа. Энэ нь эргээд монгол хүн эх орондоо амьдрах хүсэл, зорилгыг мохоох бас нэг хүчин зүйл болсон.
АНУ-ын төрийн байгууллагад ажилладаг хүний хувьд миний нэг анзаардаг зүйл бол албан байгууллагаар ганц ч гаднын хүн ирж, ажил хөөцөлдөхгүй юм. Эдний бүтээсэн энэ системээр угаасаа ч гаднын хүн орох, ирж ажил хөөцөлдөх бололцоо байхгүй. Бүх зүйл онлайнаар. Интернэт гараагүй байхад ч гаднын хүн төрийн байгууллагаар ирж, ажил хөөцөлдөөд явдаггүй байсан. Бүх зүйл дээр захидлаар харилцдаг. Үүний нэг давуу тал нь түгжрэлийг багасгахад оршдог юм байна гэж би ойлгосон. Монголд болохоор яам, агентлагуудын гадаа дүүрэн машин, тойроод битүү түгжрэл. Хүмүүс ажил хөөцөлдөж яваа гэнэ. Үүнийг болиулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурах нь ойлгомжтой. Ингээд бодохоор түгжрэлийг бууруулах гэж замын багтаамж, машины дугаар, тоо гэх мэттэй хөөцөлдөхөөсөө илүү нийгмийн үйлчилгээнд анхаарах хэрэгтэй юм байна. Мөн төрийн албаныхны ажлын чанар, үр ашиг, үр дүн ч сайжирна. Хүмүүс холхиод байвал тэнд ажиллаж буй хүн төвлөрч чадахгүй шүү дээ. Замын хөдөлгөөнд оролцогчдыг ухамсартай, хүндэтгэлтэй, тэвчээртэй хандуулах тал дээр хөрөнгө оруулалт хийх шаардлага байна. Замын түгжрэлийг том утгаар нь харж, гаргалгаа, аргуудаа боловсруулж ажиллахгүй бол зам, машин хоёрт төвлөрсөн арга ахицтай үр дүнд хүрэхгүй байна гэж би хардаг.
Авлигыг бууруулах нэг арга нь аливаа зүйлд хүний оролцоог бууруулах, нэг хүн нөгөөгөө хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм шиг санагддаг. АНУ-д нэг ажлыг нэг хүн хийж дуусгадаггүй. Дандаа гинжин хэлхээгээр явдаг. Би нэг ажил хийж эхэлсэн бол өөрийн хийх хэсгийг хийгээд систем рүү оруулна. Систем автоматаар дараагийн хүн рүү тэр баримтыг явуулдаг. Гэхдээ хаашаа явахыг нь би хэлж өгнө. Би дурын сонголт хийхгүй. Ажлын хэмжээнээс хамаараад хэн рүү явуулах нь системд тодорхой гараад ирнэ. Ингэснээр миний ажил хаана, хэн дээр гацаад байна вэ гэдгийг хянаж чадна. Тэр хүндээ би эерэг, зөөлөн үгээр бушуухан цааш нь явуулахыг сануулна. Ийм дамжлагаар явахаар хэрэв би хэн нэгэнд давуу тал олгохоор материал бүрдүүлсэн бол дараа дараагийн хүмүүс үүнийг буцаадаг. Миний гинжин холбоонд байгаа хүмүүсийг би хэзээ ч хараагүй, танихгүй. Жишээлбэл, би төв байрандаа сууж байхад миний гинжин холбоонд байгаа хүмүүс өөр өөр мужид байдаг. Ямар материал, ажил систем рүү оруулж буйгаас хамаараад тухайн ажлын гүйцэтгэлд оролцох хүмүүс өөр өөр байна.
Хэн нэгэн албан тушаалтан нөгөө албан тушаалтнаасаа, эсвэл аль нэг төрийн байгууллага нөгөө төрийн байгууллагаасаа илүү эрх эдэлдэггүй. Энд checks and balances гэдэг тогтолцоо үйлчилдэг. Яамны бодлого хариуцсан дарга шинээр бодлого гаргахад хэрэгжүүлэгч газрын дарга туршиж үзээд, амьдралд хэрэгжихгүй бол няцааж болно. Гэтэл Хуулийн хэлтсийн дарга хууль зөрчиж байна уу гэдгийг шалгаад, зөрчиж байвал мөн няцаана. Хэн нь ч хэнээсээ илүү эрх мэдэлтэй гэсэн үг биш.
Манайд утасны дугаар дээр хяналт сул байх шиг санагддаг. Үүнийг гараас гарт дамжуулан борлуулж байна. Гэтэл утасны дугаар нь хувь хүний нууцлал, амьдралтай холбоотой эмзэг асуудал. Хэн нэгэн хүн бусдыг хохироочихоод утасны дугаараа дуртай үедээ солиод, зугтаад байх боломж бүрддэг. Мөн хэн нэгний хэрэглэж байсан утасны дугаарыг санамсаргүй худалдан авснаар хэчнээн хүн хэлмэгдэн хохирсон судалгаа алга. Америкт бол утасны дугаарыг гараас гарт зардаггүй, тухайн утасны дугаарыг ашиглахаа больбол оператор компани 90 хоног хадгалдаг. Би утасны дугаараа найздаа өгөх гэсэн юм аа гээд очвол эзэмшигч нь солигдож байгаа бол бид ашиглалтаас 90 хоног хассаны дараагаар худалдаанд гаргадаг тул өөр хүний нэр дээр шилжүүлж болохгүй гэж хэлдэг. Гол санаа нь тэр хугацаанд энэ утасны дугаартай холбоотой янз бүрийн асуудал илрэх, эсэхийг хардаг байх нь. Өөрөөр хэлбэл, утасны дугаартай холбоотой үүсэж болох асуудлуудаас сэргийлэх, цаашилбал мөшгих асуудлыг эрт илрүүлэх бололцоог бий болгодог. Гэтэл Монголд утасны дугаар бизнесийн хэлбэрт шилжсэн, хувь хүмүүс өөр хоорондоо зарж борлуулдаг, оператор компаниуд тухайн дугаарыг тодорхой хугацаанд ашиглалтаас хасахын оронд шууд нэрийг нь солиод өгчихдөг. Тэр ч байтугай зарим дугаар дааж давшгүй үнэтэй, түүгээрээ гоёдог, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлдог ийм замбараагүй байдлыг таслан зогсоох хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэрэгтэй юм даа.
Үргэлжлэл бий.
Д.ЗАЯАБАТ