Монгол Улсын Засгийн Газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий ассамблейг энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Тухайлбал, Дэлхийн залуучуудын ассамблейн ерөнхийлөгч Идрис Харон, ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, Азийн залуучуудын зөвлөлийн ерөнхийлөгч Мухаммед Кир Тоёо, ерөнхий нарийн бичгийн дарга Азизудин Ахмад тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэх гэнэ. Мөн манай улстай хамтын ажиллагаатай бусад улс орны залуучуудын асуудал эрхэлсэн яамдын төлөөлөгчид ирэх гэнэ. Ассамблейд оролцох төлөөлөгчдийн анхаарал татаж буй нэг хурал бол Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиум. Хүлээлт дагуулсан энэхүү хурлыг үр дүнтэй болгохын тулд гадны мэргэжлийн судлаач, эрдэмтдэд хүсэлт хүргүүлжээ. Тус симпозиумд Японы Рицумей их сургуулийн профессор Нобору Миаваки, оюутнуудын хамт ирэхээс гадна ОХУ-ын Өвөр байгалийн их сургуулиас 10 гаруй төлөөлөгч, БНХАУ-аас CNN телевизийн олон улсын тоймч Виктор Гао зэрэг тусгай зочид манай улсад хүрэлцэн ирэх нь.