2014 онд хяналт шалгалтад хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад тав дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм. 2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан бол эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалт зохион байгуулах болсон юм. Өөрөөр хэлбэл, шалгалт л хийдэг байсан тогтолцоог өөрчилж аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих зорилгоор зөвлөн тусалдаг, сургадаг, урьдчилан сэргийлдэг, шалгалт хийдэг болж ажлаа олон улсын хяналтын байгууллагуудын жишигт нийцүүллээ.