Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний урилгаар Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцохоор өнгөрсөн лхагва гаригт эх орноосоо мордсон. Тэрбээр ОХУ-д очсон монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан монголчуудаас Оросын ард түмэнд бэлэглэж буй “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах ёслолын арга хэмжээнд оролцжээ.
Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд, уран бүтээлчид хамтран энэхүү хөшөөг бүтээсэн аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейн “Алдрын танхим”- д цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг.
Тус цогцолборт дэлхийн нэгдүгээр дайны баатруудад, орос орныг хамгаалагчдад, амь үрэгдэгсдэд зориулсан, ялалтын, Интернационал- дайчдын, ард түмнүүдийн эмгэнэл сэдэвт хөшөө, Аугаа эх орны дайны төв музей болон цэргийн зэвсэг, техникийн музей, дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм байдаг аж.
Цогцолборт ялалтын 65 жилийн ойгоор “мөнхийн гал” асаажээ. Тус музейд Монголын үзмэрүүдээс бүрдсэн булан байдаг аж. Тэнд ЗХУ-д туслах тухай БНМАУ-ын Засгийн газрын 1941 оны зургадугаар сарын 22-ны тогтоолын хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Басымаас фронтод морь бэлэглэсэн тухай 1942 оны дөрөвдүгээр сарын 28- нд бичсэн үнэмлэх, цагаан нэхий бээлий, дайны үеийн сонин гэх мэт үзмэр байдаг.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд бэлэглэсэн “Монгол ард” эскадрилийн онгоцны макет тус музейн үзмэр болжээ. Энэ удаа “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний жижиг хувилбарыг тус музейд дурсгал болгон өгөв.