Ингэж л хэлмээр байна, өөр муу үг олдохгүй нь. 12 жил завсарласан Их хурлаа сар гаруйн өмнө хийж, удирдах бүрэлдэхүүнээ шинэчлэн зохион байгуулснаас хойш Монголын залуучуудын холбоо (МЗХ) улаан цайм улстөржсөн байгууллага болж хувирлаа. Энэ байгууллагын ерөнхийлөгчийн буухиаг АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Зоригтбаатар нарын залуус улс төрийн өөр намаас салхи оруулалгүй авч явсаар эрхэм дүү А.Мөнхбатдаа нэр төртэйгөөр уламжлуулсан нь нэгэнт нууц биш. Гэвч улс төрийн намууд, бүр тодруулбал, Засгийн газар хамтран байгуулсан хүчнүүдийн төлөөлөл болгож, дэд ерөнхийлөгч нар томилж өнөөдрийнх шиг цагаандаа гарч байсан түүх үгүй. Тодруулбал, МЗХ-ны 25-29 насныханд МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар, 30-34 насныханд АН-ын гишүүн Д.Амарсайхан, 35-39 насныханд МАН-аас Н.Цэрэнбат нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгож, батламжлаад буй.
Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй Э.Батшугар бол “Улс төр надаар оролдсон учраас би улс төрд орно” хэмээн дориун дуугарч, 2012 оны сонгуульд аавын хамт нэр дэвших гэсэн ч нас нь хуулийн шалгуурт хүрэлгүй хасагдсан нэгэн. Д.Амарсайхан бол ХАХНХЯ-нд Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилладаг. АН-аас сайдтай тус яамны томоохон газрын даргын албатай түүнийг тус намын “лидерүүдийн хүн” гэх юм билээ. Н.Цэрэн батын хувьд UFC группийн гүйцэтгэх захирал бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүн, намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албатай. Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараа өрнөсөн албан тушаалын марафонд түүний нэр дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад яригдаж байсан төдийгүй ирэх сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс Увсад нэр дэвших өндөр магадлалтай хэмээн зарим эх сурвалж хэлдэг. Дэд ерөнхийлөгч нараас гадна сая шинээр томилсон ерөнхий нарийн бичгийн даргынх нь ч улс төрийн байгууллагад ажилласан туршлага чамлахааргүй.
МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Алтансүхийг Их хурлаараа холбооны генсекээр томилсон юм. Эдгээр хүмүүс МЗХ-ны Удирдах хороог бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед МЗХ-ныхны ихэд ярих болсон 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжих, эс дэмжих улстөрчдийн хар жагсаалт гаргах үйл явцыг гардан зохион байгуулагчид нь дээр дурдсан хүмүүс байх нь. Ийнхүү “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр улстөржилтөөр бялуурсан манай нийгэмд өчүүхэн төдий ч улстөржих учиргүй МЗХ-ны удирдлагууд илт улстөржсөн санал, санаачилга дэвшүүлж, түүнийгээ гардан гүйцэтгэх нь тодорхой боллоо. Уг нь аль ч улс төрийн намын харьяалалд бус, монгол залуу хүн бүрийн төлөө үйлчлэх ёстой ганцхан байгууллага нь МЗХ. “Бошгыг халах залуучуудын эвлэл” гэх нэртэйгээр байгуулагдаж байсан тус холбоо нь 25 жилийн өмнө тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөхөд залуучуудад үйлчилж асан байгууллагын суурин дээр албан ёсны залгамжлагчаар үлдсэн түүхтэй.
Монголын залуучуудын байгууллагаас Монголын залуучуудын холбоо болтол алдраа хэдэнтээ өөрчилснийг эс тооцвол эл байгууллага нэр төртэйгөөр, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирснийг түүх гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, Монголын залуучуудын өнгөрсөн, одоо, ирээдүйг хүссэн ч, эс хүссэн ч энэ л байгууллагын үйл ажиллагаа, түүх, замналаас тольдох учиртай. Учир нь энэ бол бүтэц, зохион байгуулалтын хувьд 21 аймаг, есөн дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгж, 120 мянга гаруй идэвхтэн, дэмжигчтэй үндэсний хэмжээний байгууллага. Хөрөнгө, санхүүгийн бэрхшээлээс болж хөлөө олж ядан, элдвээр хэлүүлдэг төрийн бус байгууллагуудыг бодвол МЗХ жил бүр Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг “тусгай” статустай. 2011 онд л гэхэд Монголд залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Засгийн газраас энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж 150 орчим сая төгрөг гаргасныг мэдэх юм байна.
Ядаж л засаг, төрөөс уламжилсан байртай. Ер нь МЗХ улс орон даяар салбар, нэгжээ байгуулсан, үндэсний хэмжээний сүлжээтэй, чамгүй олон жилийн түүхтэйн хувьд бараг жил бүр Засгийн газартай гэрээ байгуулан, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж, түүний санхүүжилтийг төсвөөс гаргуулж ирсэн байдаг. Чухам иймээс л МЗХ Монгол Улс, манай залуусыг гадаадад бүрэн төлөөлдөг. Тэгэхээр одоо олон улсад МЗХ-г юу гэж ойлгох бол. Засгийн газар нь хамтарсан юм болохоор Залуучуудын холбоо нь хүртэл эвсчээ гэж ойлгох уу. Эсвэл хэдэн зуун мянган идэвхтэн гишүүн, дэмжигч дунд нь энэ хэдээс өөр гялтайх амьтан үгүй байв уу. Магадгүй Монголын залуус бүгд улс төрийн намын гишүүн юм болов уу. Үүнээс гадна сүүлийн үед сүр дуулиантайгаар элдэв өнгийн жагсаалт гаргана гэж яриад байгааг нь юу гэж ойлгох вэ. МЗХ-нд улстөрчдийг сайн, муугаар нь ангилж, эрэмбэлэхээс өөр хийх ажил үгүй юм гэж үү.
Үүнийг Их хуралд тавьсан илтгэлдээ “Бид бол өнөөдрийг барагсад биш! Түүхийг бүтээгч, том мөрөөдөлтэй манай үеийнхэн...” хэмээн тодорхойлж, түүхээсээ сургамж авч, цааш зоримог алхахыг сануулсан ерөнхийлөгч А.Мөнхбат болон түүний багийнхны том мөрөөдөл, зоримог алхам гэж ойлгох ёстой юу. МЗХ-ны удирдлага ингэж ирэх сонгууль руу хальтирснаараа улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглосон холбооны дүрмийг зөрчиж, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлээ үгүйсгэлээ. Хамгийн гол нь манай нийгмийн хамгийн олон гишүүнтэй давхарга массаараа орхигдчихоод байгааг зангидаж, чиглүүлэх байгууллага нь байж, эрх бүхий байгууллагаас тэдэнд чиглэсэн цэгцтэй, даацтай бодлого, шийдвэр гаргуулахад нөлөөлж, шаардлагатай бол шахалт үзүүлэх тэргүүн үүргээ тэд улстөрчдийн жагсаалтаар солилоо.
“Авьяаслаг сэргэлэнчүүдийн тэмцээн” буюу АСТ, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг, шинэ жилээр шилдэг оюутан шалгаруулдаг, бас бус шагнал гардуулдаг, ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр бэлгэвч тараадаг, наадмаар шинэ залуу начныг даагаар байлдаг гэхээс өөрөөр тэгтлээ танил болоогүй МЗХ-ны ядруухан үйл ажиллагааг улс төртэй хутгаснаараа нэр хүндийг нь улам л шавартай хутгаж орхилоо. Монголд популизм хийдэг хүмүүс хангалттай улстөржиж, балгийг нь багагүй амсаж байна. Нэмэр болохгүй ч нэрмээс бүү бол гэдэг. Монголын залуучуудын холбоо дут! Монголын улс төр та нараар дутав л гэж.
Б.НОМИН