Эх орны аугаа их дайны ялалтын түүхт 70 жилийн баярын өмнөхөн Монголын зураачдын эвлэлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид ОХУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Тэрбээр ОХУ-ын зураачдын байгууллагатай харилцаа холбоо тогтоох ажлаар явсан аж. Түүнтэй ярилцлаа.
-Ялалтын баярын босгон дээрх Орос орны дүр төрх ямархуу байна вэ?
-Ах нар ялалтын 70 жилийн ойн баяртаа бэлдээд, асар их ажил өрнүүлж дээр дооргүй амьсгаа өндөр байна. Тэд энэ ойгоороо ямар их хүчирхэг ард түмэн, ямар их хүчирхэг гүрэн бэ гэдгээ дэлхий дахинд харуулах бололтой. Дэлхийн хоёрдугаар дайнд 20 сая хүнээ алдаж, ялалт авчирсан улс гүрэн чинь арга ч үгүй биз. Москва хот Улаан талбайгаа чимэглэж байна. Баатар хот Ленинградад (Санкт-Петербург) Оросын армийн цэрэг эрсийн сүрт жагсаал хийх гэж байна. Москвад агуу эх орны дайны сэдэвт ОХУ-ын зураач, уран бүтээлчдийн маш том үзэсгэлэн гаргаад эхэлж. Газар бүр л их ялалтын баяраар амьсгалж байна.
-Ийм их ажил оволзож байхад та уулзахаар зорьж очсон хүмүүстэйгээ уулзаж амжив уу?
-Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон яамны ажилтнуудын буянаар амжууллаа. Ш.Алтангэрэл Элчин сайдын холбож зуучилснаар ОХУ-ын Зураачдын эвлэлийн дарга, Оросын ардын зураач, төрийн шагналт, нэрт барималч А.Н.Ковальчуктай уулзлаа. Шинэ цаг үе, шинэ нөхцөл байдалд хамтран ажиллахаар бид тохирлоо.
-ОХУ-ын Зураачдын эвлэлтэй манайх сүүлийн хорь гаруй жил бараг хамтран ажиллаагүй байх аа. Уг нь бол Монголын зураач, уран бүтээлчдэд, манай дүрслэх урлагийн салбарт хамгийн их өгөөжөө өгсөн газар шүү дээ.
-Тийм ээ. Нийгмийн шинжтэй олон шалтгааны улмаас бидний харилцаа зогсонги байдалд ороод бараг 25 жил болжээ. Уг нь манай хоёр орны зураачдын байгууллага 1940-өөд оны эхнээс харилцаа тогтоож, Монголын зураачид, урчууд багш нарыг бэлтгэх, улмаар Монголын шинэ үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэхэд ОХУ онцгой гавьяа байгуулсан нь үнэн түүх юм. Энэхүү түүхт харилцааны 75 жилийн ойн босгон дээр бид дахин цоо шинээр харилцаагаа эхэлж байна. Энэ бол шинэ түүхийн эхлэл.
-Ямар ямар чиглэлээр хамтран ажиллахаар болов?
-Хоёр орны зураачдын уран бүтээлийн тойрон аялал хийж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ оны есдүгээр сард ОХУ-ын Зураачдын эвлэлийн тэргүүн А.Н.Ковальчук тэргүүтэй төлөөлөгчид манай Эвлэлийн урилгаар Монгол Улсад айлчлах юм. Тэр үеэр бид хамтран ажиллах шинэ гэрээнд гарын үсэг зурахаар тохирлоо.
-Монголын Зураачдын эвлэлийн тэргүүнийг ямархуу байдлаар хүлээн авч байна даа?
-Ялалтын баярын ойн ажлыг зохион байгуулалцаад А.Н.Ковальчук гуай маш завгүй байгаа ч биднийг хүндэтгэж тусгайлан цаг гаргаж, сайхан уулзалт зохион байгууллаа. Орлогч дарга бусад удирдлага, албаны хүмүүс нь байлцав. Хоёр орны зураачдын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цоо шинээр хөгжүүлэх нь та бидний үүрэг мөн. Бүх боломжит арга хэлбэрээр шинээр хамтран ажиллая гэж А.Н.Ковальчук дарга онцлон хэлсэн шүү.
-Москва хотод Ялалтын 70 жилийн ойн баярт зориулж зохион байгуулсан дүрслэх урлагийн “᠌ЯЛАЛТ” үзэсгэлэнг үзэж сонирхов уу?
-Москва хотын Крымскийн өргөн чөлөөн дэх ОХУ-ын Зураачдын эвлэлийн “Оросын зураачдын Төв ордонд” дөрөвдүгээр сарын 24-нд уг үзэсгэлэнгийн нээлтэд нь бид оролцлоо. Фронтод дайтаж явсан зураач, түүхийн амьд гэрч болсон уран бүтээлч, мастеруудын бүтээлүүд тэр чигээрээ байна. Тэдгээр уран бүтээлчдээс ЗХУын баатар хүртэл төрсөн аж. Үзэсгэлэнгийн үеэр дайн болон түүхийн сэдэвтэй “Ялалт” нэртэй олон улсын фестиваль болж байна. Үзэсгэлэнд ОХУ-ын бүх хотуудаас гадна Кавказаас ч уран бүтээлчид иржээ. Үзэсгэлэнг Ялалтын баярт оролцох зочид, төлөөлөгчид, улс орнуудын төрийн тэргүүнүүдэд үзүүлэх юм байна.
-Өөр ямар хүмүүстэй уулзаж, юу амжуулав?
-Ирэх долдугаар сард ОХУ-ын Уфа хотод ЕАЭС (Евразийн эдийн засгийн холбоо)-ийн орнуудын чуулга уулзалт болох юм байна. Тэнд ОХУ, БНХАУ, Монголын зураачдын үзэсгэлэнг хамтран зохион байгуулахаар боллоо.
-Санкт-Петербург хотод Монголын шилдэг зураачдыг бэлтгэн гаргасан түүхт И.Е.Репиний нэрэмжит их сургуульд та бодвол очсон л байж таараа. Ардын зураач Л.Гаваа, До. Болд, нэрт зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондог, Төрийн шагналт Б.Пүрэвсүх, Ц.Доржсүрэн, Г.Баяр, Ё.Өлзийхутаг гээд манай урдаа барьдаг том зураачид бүгд түүнийг төгссөн байх. Тэнд та бас гэрээ хэлцэл хийв үү?
-Алдарт И.Е.Репиний нэрэмжит их сургуульд очлоо. Удирдлагууд нь маш сайхан хүлээж авлаа. Дэлхийн нэр хүндтэй энэ сургууль Монголын жараад зураач, уран бүтээлч, архитектор, урлаг судлаачдыг бэлтгэсэн түүхтэй юм. Хоёр зуун жар гаруй жилийн түүхтэй энэ том сургуулийн захирал, удирдлагууд нь монголчуудыг маш сайн мэддэг юм байна. И.Е.Репиний нэрэмжит их сургуулийн захирал С.И.Михайловский, проректор А.Н.Скляренко, багш Н.Д.Блохин Х.В.Савкуев нарынхаа хамт ирэх есдүгээр сард Монголд айлчлахаар болсон. Энд ирж бидэнтэй албан ёсны гэрээ хийнэ. Энэ үеэр И.Е.Репиний нэрэмжит их сургууль төгссөн монгол зураачдын бүтээлээр манай Эвлэл үзэсгэлэн зохион байгуулна. Төгсөгчдөө хүндэт зочидтой уулзуулна. Мөн Монголд дүрслэх урлагийн шинэ үеийнхнийг хэрхэн бэлтгэж байгааг үзүүлнэ. Шинээр төрж буй авьяаслаг залуусынхаа бүтээлийн дээжээс тэдэнд үзүүлж, харуулъя, үгийг нь сонсъё гэсэн бодол байна.
-И.Е.Репиний нэрэмжит их сургуулийн захирал урьд өмнө нь Монголд ирж байгаагүй болов уу. Та том ажил сэдэж санаачилжээ. ОХУ-ын Зураачдын эвлэлийн дарга ч лав л ойрын 30 жилд ирээгүй байх. Тэр хүмүүсийн нөлөө цараагаар олон ажил хийгдэж эхэлнэ биз?
-Тэр үнэн. Энэ бол шинэ түүх. Шинэ шинэ ажил үйлсийн эхлэл болно. Эдгээр эрхмүүдтэй холбож өгсөн ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл онцгой гавьяа байгууллаа. Бид ирэх арваннэгдүгээр сард И.Е.Репиний нэрэмжит их сургууль дээр Монголын хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар боллоо. Мөн 2016 онд тус сургуультай хамтран Монгол Улсаас төгсөж гарсан уран бүтээлчдийнхээ дипломын ажлаар альбом гаргахаар тохиролцлоо. Ирэх жил буюу 2016 онд И.Е.Репиний нэрэмжит их сургуулийн багш нарын төлөөлөл болсон зураач багш нарын үзэсгэлэнг бид Монголдоо гаргана. Урьд өмнө нь Оросын зураачдын үзэсгэлэн манайд гарч байсан боловч И.Е.Репиний нэрэмжит их сургуулийн багш нарын үзэсгэлэн дангаараа гарч байсан түүх байхгүй. Энэ бол манайхны хувьд онцгой сайхан ховор үйл явдал. Бид тэднээс суралцах боломж олдоно.
-Монголын Зураачдын эвлэл олон чухал ажил үйлсийг хийж байгаа юм байна. И.Е. Репиний нэрэмжит их сургуульд одоо Монголоос суралцаж байгаа хүн байхгүй. Тэнд оюутан сургах талаар танай эвлэл анхаарал тавих уу?
-Онцгой авьяастай хүүхдүүдийг энэ сургуульд төрийн тэтгэлгээр сургах асуудлыг ажил болгохын төлөө бид зүтгэнэ. БНХАУ-аас л гэхэд жилдээ 50- 60 оюутан ирж суралцдаг юм байна. Төр засаг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг хөгжихөд, багш, боловсон хүчнийг шинээр бэлтгэхэд онцгой үүрэгтэйг онцлон хэлэх учиртай. Энэ уламжлалт харилцаагаа шинээр хөгжүүлэхэд Монголын Зураачдын эвлэл онцгой анхаарч ажиллана.
-И.Е.Репиний нэрэмжит их сургуулийн захирал танд медаль гардуулсан гэж сонслоо. Энэ ямар учиртай шагнал вэ?
-Тийм ээ, И.Е.Репиний нэрэмжит их сургуулийн захирал С.И.Михайловский аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулан гаргасан сургуулийнхаа хүндэтгэлийн медалийг надад зүүж өглөө. Тавьхан ширхэг хийгдсэн энэ медалийн анхныхыг нь хүртсэн би их азтай. Үнэхээр их билгэшээж, баярлаж байгаа.
-Орос улс дэлхийд дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг хадгалж байдаг музей, галерейгаараа алдартай. Москва, Санкт-Петербургт очсон хүн эдгээрээр ордог нь жам...
-Тэнд байх хугацаандаа Третьяковын галерей, Оросын музей, Эрмитаж, И.Е. Репиний нэрэмжит их сургуулийн музей зэргийг үзлээ. Сургуулийн музей ХIХ зууны үеийнхээ төгсөгчдийн бүтээлийн дээжээр үзэсгэлэн гаргажээ. Москва хот дахь БНХАУ-ын соёлын төвд бидэнтэй цус нэг ОХУ-ын ардын зураач, халимаг анд Дмитрий Санджиевын үзэсгэлэнг үзэж мөн ОХУ-ын нэрт зураачидтай уулзлаа.
-Москвад байгаа манай улсын Элчин сайдын яамны байр чинь бас эртний музей шиг харагддаг юм шүү дээ.
-Энэ барилга 110 гаруй жилийн түүхтэй гэнэ. Ялалтын 70 жилийн ойд зориулаад манай Элчин сайдын яамныхан бас их ажилтай байна аа. Тэд байшин барилгынхаа өнгө зүсийг улам сайжруулж байна. Элчин сайд Ш.Алтангэрэл дүрслэх урлагт элэгтэй, сэтгэлтэй, 80-аад оны томоохон цуглуулагч хүн. ЗХУ-д суралцаж байхдаа Элчин сайдын яаманд бэлэглэсэн манай дээхнэ үеийн зураачдын бүтээлийг сэргээж, янзлаад яамны өрөөнүүдэд байрлуулсан байгаа нь содон сайхан харагдаж байлаа. Бас Элчин сайдын яам их сонин сайхан цуглуулгатай юм гээч.
-Тийм үү, тэнд хэн хэний бүтээл байна вэ?
-Нэрт барималч Махбал, “Мука” хочит Цэнд-Аюуш, С.Рэнцэн, Г.Дунб үрээ, бурханч зураач (өвгөн) Дамдинсүрэн, О.Мягмар гуай нарын түрүү үеийн бүтээлүүд байна. Элчин сайдын яаманд зочилж байгаа хүмүүс тэднийд морь бэлэглэдэг уламжлалтай ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд орсон гарсан дотоод, гадаадын зочид, дипломатууд зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн бэлэглэсэн 200 гаруй морины цуглуулгатай юм. Тэрхүү “адуун сүрэгт” нь Монголын Зураачдын эвлэл бас өөрийн морио зүсэлж нийлүүллээ.
-Гадаадад байгаа Элчин сайдын яамныхан жирийн иргэдэд үйлчлэхдээ муу, хүнд сурталтай, хачин хойрго гэхчлэн үг яриа байнга гардаг байсансан. Орос улсад суугаа манай элчингийнхэн тийм биш байна уу?
-Надад тэгж харагдсангүй. Тэд монголчуудынхаа төлөө, сэтгэл зүтгэлээрээ ажилладаг юм байна. Энэ дашрамд тэнд суугаа Элчин сайд ноён Ш.Алтангэрэл, бидэнд үйлчилж, түүхэн үйлсийг хамтдаа бүтээлцсэн ЭСЯ-ны ажилтан Н.Лхагвасүрэн, О.Энхтуяа нар болон бусад хүмүүст баярласан сэтгэлээ илэрхийлье.
-Орос улсаас та ямар мэдрэмж, бодол тээж ирэв дээ?
-Орос улс соёл урлагаа сурталчлах тал дээр хэдэн зуун жилийн уламжлал түүхтэй ард түмэн, тэднээс бид бас ихийг суралцах ёстой юм болов уу.
А.ЛХАГВА