Жил бүрийн тавдугаар сарын найман Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний өдөр билээ. Энэ хөдөлгөөний үндсийг бүрэлдүүлэгч хүмүүс нь сайн дурынхан учир сайн дурынхны өдөр ч гэж нэрлэдэг. Энэ өдрийг улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч Анри Дюнаны төрсөн өдрөөр тохиолдуулан тэмдэглэдэг болсон юм. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Швейцарийн иргэн Анри Дюнан тулалдааны талбарт шархдагсдийг асран хамгаалах зорилго, идэвхи чармайлт, чин хүсэлтэй, чадварлаг сайн дурынхнаас бүрдсэн тусламжийн нийгэмлэг байгуулах санаачлага гаргасан аж. Хөдөлгөөний хамгийн анхны сайн дурын анхны идэвхтэн гэж хэлж болох Анри Дюнан өнөөдөр дэлхий дахины тээж яваа “Хүмүүнлэгийн эрч, хүч”-ийн эхлэлийг тавьжээ.
Дэлхийн өнцөг булан бүрт өдөр тутам тохиох болсон олон гамшиг ослын үеэр сайн дурынхан өөрийгөө, гэр бүлийнхнээ умартан байж гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлсээр байна. Манай улсын хувьд Олон улсын улаан загалмайн өдрийг тэмдэглээд 10 гаруй жил болж байгаа юм. Энэ жилийн хувьд Олон Улсын Улаан Загалмайн өдөр болон Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой давхцан тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс хүүхдийн оролцооны байгууллагуудтай хамтран “Хүүхэд бүрийн төлөө” сэдэвт өдөрлөгийг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах юм байна. Энэ үеэр хүүхэд багачууудын дунд олон төрлийн хөтөлбөр зохион байгуулах аж.