Монгол Улсад тэртээх 90 жилийн өмнө хүүхдийн төлөө хөдөлгөөн үүсэж байжээ.
Түүх сөхвөл, Монгол улс тусгаар тогтнолоо олсон болон “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдсанаас хойш нэгэн жилийн дараа буюу 1925 оны 5 сарын 8-нд тэр үед 18 настай байсан их зохиолч Д.Нацагдорж санаа, зориг нийлсэн тухайн үеийн хэсэг залуучуудын хамт “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” хүүхдийн байгууллагыг анхлан байгуулж байжээ.
Улс төрийн үзэл суртал, хэлмэгдүүлэлтээс ангид, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг эрэлхийлсэн Монгол улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон бөгөөд хүний эрхийг дээдэлдэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар зорьж шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсан билээ.
Улмаар нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндсэн хуульдаа нийцүүлэн 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа баталснаар тус улсад хүүхдийн эрхийн эрх зүйн үндсийг тавьсан юм.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци болон түүнд нийцүүлэн баталсан үндэсний хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тодорхой ажлууд хийгдэж байгаа ч өнөөдөр уг ажлыг чанаржуулж, хүүхдийн эрхийг иргэдэд сурталчлан таниулах ажлыг далайцтай, тогтмол явуулах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх шаардлага байсаар байна.
Хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг хүүхдийн нүдээр харъя, хүүхдүүдийнхээ сэтгэлийг сонсоё! Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг хүргэе!