Найз маань өглөө шүдээ угаасан, эсэхээ санадаггүй. “Тэгээд яасан юм бол, арай угаагаагүй ажилдаа гарчихсан юм болов уу” гэж санаа зовдог. Арай дэндүү мартамхай байгаа биз. Тэр нөхөр гэрээсээ гарахаа ч мартчихаад өдий хүргэсэн юм биш биз, сануулъя даа. За за, энэ хэсэг наргиа байлаа. Би ч түүнээс дээрдэхгүй. Барьсан, тавьснаа санана гэж бараг байхгүй. Мартах нь зовлон шүү.
Чингисийн талбай дээр алхаж явтал 10 жилийн өмнө ахлах сургууль хамт төгссөн бүсгүйтэй таарав. Сонин сайхан учрал байна гэцгээн дуу шуугаа чангалцгаалаа. Харин түүний нэр санаанд минь буудаггүй ээ. Өдөржин тархиныхаа хонгил, булан бүрийг нэгжээд санахгүй, өөртөө гутарлаа. Орой нь өөр нэгэн “ангижав” руугаа утас цохиж, “Ангийнхаа бүсгүйтэй таараад нэрийг нь санасангүй” гэж хэллээ. Нөгөөх чинь манийг шоолоод сүйд. Ийм тийм бие хаа, үс, зүстэй, тэр ширээнд суудаг байсан гэж “нэргүй” бүсгүйг тайлбарлав.
“Тийм тийм, саналаа” гэж байна. Тэгээд нэр нь хэн бэ? Нөгөөх бас таг. Бид нэг тэрэгний хоёр дугуй юмсанж. Өнөөх “нөхөрт гарахаа мартсан” найзтайгаа мартахын зовлонгоо хуваалцав. Түүний эргэн тойронд мартамхайчуудын арми бий гэнэ. Миний эргэн тойронд ч ийм хүмүүс бий. Хүрмээ тайлж тавьсан газраа эргэж санадаггүй, машиндаа шатахуун хийхээ мартаж хотоос гараад хээр гацсан зартай мартамхайчууд миний армийнх. Бид эцэст нь “Мартах нь нийгмийн өвчин болжээ. Компьютер, интернэт их хэрэглэдэг болсонтой холбоотой байх” гэсэн дүгнэлт хийгээд салцгаалаа.
Мэдрэлийн эмч Т.Мөнгөнцэцэг “Залуучууд мартамхай болж байн гэх нь олширч. Тэдний дунд стрессийн гаралтай ийм шинж тэмдэг ажиглагддаг. Тэгэхээр ачааллаа багасгаад ажил, амралтынхаа дэглэмийг зохицуулаад, стрессээ тайлж сурах нь чухал. Ингэж чадвал мартахаас сэргийлэх боломжтой” гэж ярьжээ. Өөр нэг эмч ийм үед B аминдэм хэрэглэхийг зөвлөсөн байв.
Цахим хуудсанд “Мартах бол нийтлэг тохиолддог бөгөөд оюун ухааны хэвийн үзэгдэл” гэж бичсэнийг уншаад санаа амрав. Ямартай ч тэнэгрэл биш шиг байна. Өө, ахлах ангийн бүсгүйн нэр хэн билээ. Эрдэнэтуяа бил үү, Эрдэнэчимэг ч бил үү, за Эрдэнэбат ч арай биш ээ. Уг нь нэрийг нь олж мэдээд, нэлээд сайн тогтоосон юмсан. Стрессээ тайлахад илүү анхаарч, В аминдэмтэй “найз” болохоос.