“Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэр ирэх долоо хоногт гарч магадгүй талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэлээ. “Оюутолгой” компанийн менежментийг гүйцэтгэгч “Rio Tinto” группийн өргөн бүрэлдэхүүн бүхий баг ирэх долоо хоногт Монголд ирэх гэнэ. “Үндсэн асуудлуудаар зарчмын хувьд тохиролцоонд нэгэнт хүрчихсэн учраас бид энэ үеэр асуудлуудаа эцэслэн шийдэж чадна гэж найдаж байна” хэмээн “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд дурджээ. “Процедурын шинжтэй багахан асуудал л үлдсэн байгаа” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” групп “Оюутолгой” төслийн тодорхой асуудлуудаар бараг хоёр жилийн турш хэлэлцээ хийж буй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Австралийн Перт хотноо болсон “Rio Tinto”-гийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалтын үеэр гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш нь “Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээ үргэлжилж байгаа” хэмээн ярьсныг “Bloomberg” уламжиллаа.
“Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар 5.19 канад доллараар үнэлэгдэж байна. Дөрөвдүгээр сараас хойш энэ компанийн хувьцаа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдэд өссөөр буй.
Харин төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байгаа. Оргил үедээ 4.4 тэрбум ам.долларт хүрч байсан бол өнгөрсөн жилийн эцэст 507.6 сая ам.долларт хүрсэн билээ. Харин энэ оны эхний улирлын байдлаар эл үзүүлэлт -72.2 сая ам.доллар буюу сөрөг баланстай гараад байгаа. “Энэ төслийн асуудлаар тодорхой шийдэл гаргаснаар Монгол Улсын хөгжил болон эдийн засгийн ерөнхий дүр зургийг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлнэ гэж би хувьдаа итгэж байна” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Bloomberg”-т ярьжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН