Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжид нийцэхгүй сурталчилгааны самбаруудыг буулгаж буй. Харин холбогдох шаардлагыг хангасан газруудад самбар байрлуулах нь зүйтэй гэж иргэд ч, холбогдох байгууллагууд ч үзэж байгаа юм. Тэгвэл Улаанбаатар хотын ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж сурталчилгааны самбар байрлуулахтай холбогдсон журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүүргүүдээс ирүүлсэн саналыг хэлэлцжээ. Дүүргүүдээс хаяг, сурталчилгааны самбар байх нь зүйтэй. Гэхдээ тэр нь орчин үеийн техник технологийн дэвшилт бүхий, гэрэл, камертай, хотын өнгө үзэмжид нийцэхүйц байх нь зүйтэй гэсэн санал цөөнгүй иржээ. Тиймээс хаяг, сурталчилгааны самбарын загвар сонгон шалгаруулах ёстой гэсэн саналыг уг зөвлөлөөс гаргасан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уралдааны бэлтгэл ажлыг нэн даруй хангаад, удахгүй олон нийтэд мэдээлэх гэнэ.