Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч нар үе үе хэн нэгний нударганы “амт үзэх” явдал сүүлийн жилүүдэд олон гарах болсон. Архиндаа халамцаж аагаа багтаасан залуус цагдаа нарт халддаг бол Монголд түр оршин сууж байгаа хятад иргэн ч төрд тангараг өргөсөн алба хаагчид гар хүрч байна. Тухайлбал, энэ сарын 5-нд Ханын материал орчимд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагчид БНХАУ-ын иргэн халдаж зодохын зэрэгцээ дүрэмт хувцсыг нь урж танхайрчээ. Танхайрагч хятад эр автомашиндаа эхнэр, хүүхэд, хадам аавыгаа суулгаж явсан гэнэ. Цагдаа-зохицуулагч албан үүргийнхээ дагуу бичиг баримтыг нь шалгаж, гаргасан зөрчилд нь хариуцлага тооцох гээд түүний халдлагад өртсөн байна. Өдгөө уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй аж. Харин цагдаагийн байгууллагынхан ингэж шалгаж эхэлж байтал нөгөөх хятад эр өөрийнхөө хууль бус үйлдлийг хаацайлахын тулд цагдаа, прокурорын байгууллагын эрх мэдэлтнүүд рүү утас цохисон сурагтай. Төрийн цагдаа нь эх орондоо хятад эрийн гарын шүүс болж, хувцсаа урж тасдуулчихаад байхад түүнийг хамгаалж, хэргийг нь хаалгахын тулд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн удирдлага руу эрх мэдэлтэй 30 хүн утасдаж, уг хэргийг зохицуулахыг хүссэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь энэ мэт хууль бус үйлдэл гаргасан харийнхныг ИХШХЕГ-аас албадан гаргах эрхтэй байдаг ч хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй болохоор шийдвэр гаргаж чадахгүй байгаа сурагтай.